Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсэгт өрсөлдөж буй Монгол-Нидерландын тоглолт 0:0-ын харьцаагаар тэнцээгээр өндөрлөлөө.
Хойд хөршийн Хабаровск хотноо энэ сарын 1-ний өдөр эхэлсэн бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есөн улсын баг өрсөлдөж байна. “А” хэсэгт Япон, Латви, Эстони, Унгар, “В” хэсэгт Монгол, Нидерланд, Герман, БНХАУ, Сомали улсын багууд багтсан.
"А" хэсгийн тоглолт өндөрлөж, Эстони тэргүүлсэн бол Латви, Унгар удаалж, Япон сүүлд бичигдлээ. Харин өнөөдөр "В" хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хэсгийн байрууд бүрэн тодрох юм.
Ч.Пүрэвдаваа дасгалжуулагчтай Монгол улсын шигшээ багийн тамирчид БНХАУ, Сомалийг хожиж, Германд хожигдоод байсан. Тэгвэл хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Нидерландтай хийж, аль аль нь гоол оруулж чадалгүй тэнцээгээр өндөрлөлөө. Ийнхүү одоогоор "В"хэсгийг Нидерланд гурван хожил, нэг тэнцээтэй 7 оноогоор тэргүүлж байгаа бол Монгол 5, Герман 4, БНХАУ 2 оноотой удаалж байна. Харин Сомалийн баг дөрөв хожигдож, хэсгийн сүүлд бичигдэв.
Өнөө шөнө Герман-БНХАУ-ын тоглолт болно. Энэхүү тоглолтын үр дүнгээс хамаарч манай хоккейчид хоёрдугаар байраа хадгалж үлдэх эсэх нь шийдэгдэх юм.
"А" хэсгийг Эстони тэргүүлсэн бол Латви, Унгар удаалж, Япон сүүлд бичигдлээ.
II.01
Монгол –БНХАУ 3:2
Герман – Монгол 4:2
II.02
Монгол – Сомали 14:0
II.03
Нидерланд – Монгол 0:0 (Тоглолтын бичлэгийг ЭНД-с үзнэ үү.)
Хасагдах шат буюу шөвгийн наймын тоглолт маргааш эхэлж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорно.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын багийн бүрэлдэхүүнд "Хасын хүлгүүд"-ээс 11, "Багануур"-аас дөрөв, "Шарын гол"-оос гурван тамирчин багтжээ.
Манай хоккейчид ДАШТ-д долоо дахь удаагаа оролцож бөгөөд 2007-2010 онуудад хэсэгтээ дөрвөн удаа дөрөвдүгээр байр эзэлж байв. Харин өнгөрсөн жил "В" ангилалын "В" хэсэгт Герман (3:1), Украин (7:2), Сомалийг (12:1)-ээр хожиж, Японд (2:3) ялагдаж, дэд байрт шалгарсан байна. Өнгөрсөн жил "В" хэсэгт тэргүүлсэн Японы шигшээ баг энэ жил "А" хэсэгт дэвшин тоглож байна.
Тэмцээний фото агшинг ЭНД дарж өгнө үү.
А.ТАМИР