&#34Үүц талбайнуудыг булхайгаар өгөөд дууслаа&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

&#34Үүц талбайнуудыг булхайгаар өгөөд дууслаа&#34

Ашигт малтмалын газар/АМГ/-т хайгуулын лиценз хүсэгчдэд өнөөдөр дөрөв дэх өдрөө цахимаар дугаар олголоо. Өмнөх гурван удаагийн дугаар олгох явцад системд алдаа гарч, нэг өдрийн дугаар олголтыг хүчингүй болгоод байсан юм. Харин өнөөдрийн тухайд мөн л системд алдаа заасан, сүлжээ тасарсан гэх хүндрэл үүссэн гэж лиценз хүсэгчид АМГ-т олноор цуглараад байсан юм. Энэ үеэр "Алтан шагай" компанийн захирал О.Заяагаас дугаар авахад чухам ямар асуудал үүссэн болохыг тодрууллаа.

-Цахимаар дугаар авахаар системд хандахад ямар бэрхшээл үүсч байна вэ?

-Үнэндээ зарим компани гурван өдөр дарааллаад дугаар авчихаж байна. Бид бүх л аргаа ашиглан дугаар авахаар оролдож хичээж байна. Эхний өдөр өөрийн компанийнхаа компьютероос, дараагийн өдөр гадаадын компаниас, харин өнөөдөр төрийн албан хаагчийн компьютероос орж үзлээ. Ямар ч ялгаа алга. Эхлээд системд нэвтрээд ороход "Түр хүлээнэ үү" гэсэн бичиг гараад тун удалгүй алдаа зааж, интернэт автоматаар тасраад байгаа юм. Чухам хакердаад байгаа юм уу программд нь алдаа байна уу мэдэх юм алга. 10 минутын дотор 400 гаруй компани зэрэг хандахаар ачаалал үүсч байж ч мэдэх юм. Бид бол засаг, төрөөс гаргасан журмын дагуу хазайлгүй явж байхад эд нар бид нараар зүгээр л тоглож байна шүү дээ. Эндээс нэг л зүйлийг дүгнэлээ. Лицензийн наймаа бол үнэхээр цэцэглэж байгаа юм байна.

-Лиценз хүсэгчдийн зүгээс дугаараа авч амжаагүй байтал илэрц сайтай талбайнуудыг аваад дууслаа гэж байна.

-Үнэн шүү дээ. Социализмийн үед судлагдсан, нөөцөнд байсан талбайнуудыг бараг л аваад дууслаа. Геологчид өмнөх 60 компанийн авсан талбайг илэрц сайтай улсын нөөцөнд байсан талбай гэж байсан. Монгол Улсын баруун зүгийн нутгийн лиценз олголт дуусахаар зүүн зүгт өгч эхлэх юм гэсэн. Үнэндээ одоо маргаан үүсгээд байгаа баруун хэсэгт нөөц сайтай жинхэнэ үүц тайлбайнууд байсан юмсан. Гэтэл зарим шалгарсан компаниуд хайгуул хийх эрхээ өндөр үнээр зарна гэж байгаа гэсэн. Бид нарт одоо өндөр үнээр худалдан авах л арга үлдэх шив.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж