Асашёорюү Д.Дагвадорж шулуухан үгтэй, шударга зантай сэтгэлийн хөдөлгөөнтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй залуу. Тэрбээр мэргэжлийн сүмогийн ёкозүна цол хүртсэний зэрэгцээ Эзэн хааных нь цомыг 25 удаа гардсан агуу аварга билээ. Гэлээ ч зарим нэгэн шалтгааны улмаас түүнийг зодог тайлахад хүргэснийг монголчууд юу эс андах билээ. Ингээд энэ удаад Японы мэргэжлийн сүмогийн холбооноос Асашёорюүг хэрхэн “агнаж” байсныг эргэн нэг саная.
Үснээс чангаадаг өөдгүй аварга
Нээх пээдгэр алхаа гишгээтэй хэрнээ, үнэн хэрэгтээ хүч чадлаар дулимаг эрчүүд олон бий. Иймэрхүү эр манай үндэсний бөхийн улсын аваргын өмнө очоод таахалзаад байвал “Сургаад өгье” гэсэн бодол эрхгүй төрөх байх.
Ийм нэгэн явдал Японд болсон юм. Арал дээр анх очиж, сүмогийн А үсгийг монголчуудаасаа өмнө заалгасан Даваагийн Батбаяр буюу Кёкүшюүзан ёкозүна цол хүртээд тун ч удаагүй залуухан аварга Асашёорюүгийн өмнө, бас ордон дүүрэн япончуудын нүдэн дээр ринг дээр гарсан боксчид эр чадлаа нүдээрээ илтгэж буй мэт хэсэг хөндөлсөн зогслоо. Аа нь хурдан асдаг Асашёорюү ч өөрөөс нь цол эрэмбэ хамаагүй бага өрсөлдөгчдөө дургүй нь хүрч, бөх хүний өөрийгөө ирлэдэг сэтгэлзүйдээ бүрэн орчихжээ. Ингээд барилдаан эхэлж, таахалзаад байсан өрсөлдөгчөө татаж унагахдаа Асашёорюү санаандгүй үсэнд нь хуруугаа оруулчихаж.
Гэтэл “Ёкозүна цолтой бөх анх удаагаа үснээс нь татаж өрсөлдөгчөө давлаа” гээд л баахан баалж эхэллээ. Сүмогийн холбоо шинэ зуун гарсаар сүмогийн ордонд үзэгчдийн ганцаараа татаж авчирч буй Асашёорюүд энэ удаад сануулга өгсөн юм. Харин үүнээс хойш нөгөө өдөөд байдаг Кёкүшюүзанд тэр тэгтлээ их анхаарал тавихаа больж, таарвал илүүгээ гэрчилж эвтэйхэн давчихаад байдаг болсон билээ.
Солгой аваргыг баруун болгосон нь
Манай үндэсний бөхөд Б.Бат-Эрдэнэ аварга өөртэй нь гар зөрүүлж, удаан хүч үзсэн нэгнийг давчихаад дээр нь тэгнэж хэвтчихээд байдаг үе байсан.
Түүнтэй адил Асашёорюү хааяа өрсөлдөгчдөө давчихаад, хэт шатсандаа дээр нь нидэрч дарах юмуу араас нь алгадаж түлхэх явдал хэд хэд гаргасан удаатай. Энэ болгонд түүнийг сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлд багтдаг ахмад зохиолч эмэгтэй Макико Учидатэ баалдаг байлаа. “Бөхийн хувьд би түүнийг 200 хувь дэмжинэ. Харин ёкозүнагийн хувьд огт дэмжихгүй” гэж байнга ярина. Аваргыг дэвжээн дээр сэтгэл хөдөллөө гаргах тусам тэрээр “Зодог тайлуулах хэрэгтэй” гэж үглэдэг байсан юм.
Олон хавар нэгэндээ гэгчээр Макико ч байнга үглэж, аварга ч аашаа үл барьсаар сүүлдээ сануулга авах хэмжээнд хүрсэн удаа бий. Төрөлхийн солгой хүнийг бооцоо авахдаа баруун гараараа авсангүй гэж их адлана. “Баруун гараараа авахгүй байна гэдэг Эзэн хааныг хүндлэхгүй, их сүмог хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг” гэж байнгын шахалт дарамт тулгасаар Асашёорюүг баруун гараар нь бооцоо авч сургасан нь үнэн.
Тохойгоороо тоглосон хөлбөмбөг
Аварга тохойндоо бэртэл авсан тул эмчилгээ хэрэгтэй болжээ. Ингээд сүмогийн үзүүлэх барилдаанаас чөлөө авч, гараа эмчлүүлэхээр болсон. Гэхдээ тэрбээр Улаанбаатар хотдоо ирж, Монгол, Японы элчин сайдын яамнаас хамтран зохиосон хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтод оролцохоос татгалзсангүй. Тэр Рунигийн футболкаг өмсөж, Японы нэрт хөлбөмбөгчин Хидетоши Накатагийн хамтаар төв цэнгэлдэхийн өмнөх хөлбөмбөгийн ногоон талбайд гарч, гайтай юм шиг хожлын ганц гоолыг хийх хувь таарчээ.
Түүний гоол хийж буй бичлэгийг Японы сувгаар цацмагц Сүмогийн холбооны удирдлага тэр дороо цуглан хуралдахаар болжээ. Хуралдааны үеэр Монголын талаас тоглолт нөхөрсөг шинж чанартай байсныг дурьдаад, бүх хариуцлагыг хүлээх тухай албан ёсны бичиг сүмогийн холбоонд ирчихсэн байсан ч тэд авч хэлэлцсэнгүй. Ингээд ердөө 30 минут хуралдаад л аваргыг хоёр башёд оролцох эрхийг нь хасч, зөвхөн гэр, дэвжээний хооронд л явахыг хатуу тулгалаа. Олон нийтийн үзэгдэж харагдах юмуу үг унагахыг нь бүрэн хорилоо. Тохой нь бэртсэн аварга хөлөөрөө бөмбөг хөөснийхөө төлөө хөөдүүлсэн нь энэ. Аваргыг гэмтэлтэй гэж баашлан эх орондоо очиж наргилаа гэж шийтгэсэн нь энэ. Уг нь тохой бэртсэн хүн ганц хоёр алхаад бөмбөг өшиглөчих тэнхээ байлгүй яахав дээ.
Ингээд аварга сэтгэлзүйн хямралд бүрэн орлоо. Тэр өрөөнөөсөө гарахгүй, хүнтэй уулзахгүй, хоол идэхээ больжээ. Түүний хүсч буй зүйл нь “Ээжийнх нь гарын хоол, эх орныхон нь агаар юм байна” гэж Сүмогийн холбооны "маарамба" эрх мяндагтнууддаа мэдээлсэн гэдэг. Ингээд удтал тээнэгэлзэн хэлэлцсэний эцэст түүнийг эх орондоо очих эрх олгосон. Гэхдээ олны өмнө гарч, хэвлэлд ярилцлага өгөхийг нь тас хорьжээ. Бараг хагас жил өнгөрсний дараа Асашёорюү сумогийн дэвжээнээ эргэн ирж, тэр даруйдаа “Японы Эзэн хаан”-ы цомыг дахин хүртсэн нь үнэхээр гайхалтай ялалт байсан даа.
Элгэн саданд сумо үзүүлэх гэсэн “хуйвалдаан”
“Монголд мэргэжлийн сумочид ирэх гэнэ ээ” бид хоёр жил орчим догдолсон. Үнэндээ энэ хэргийн эзэн нь Асашёорюү байсан юм. Гэхдээ тэр эх нутагтаа сумогийн үзүүлэх барилдааныг авчрах гэж зүтгэснийхээ төлөө жавтий хүртсэн түүхтэй. Аварга монгол зангаараа “Манай эх оронд үзүүлэх барилдаан зохиоё. Чи дэмжиж байгаагаа илэрхийлээд гарын үсгээ зурчих” хэмээн дээд зиндааны олон бөхтэй тулж харилцжээ.
Үүнийг нь сүмогийн холбооны удирдлага “Хуйвалдаан зохион байгуулсан” гэх утгаар хүлээн авч, аваргад хатуу сануулга өгсөн юм. Эх нутагтаа монгол залуу элгэн садандаа мэргэжлийн сумочдыг ойроос үзүүлэх хүсэлдээ автан зүтгүүлсэн нь ийнхүү өөлүүлэх бас нэгэн шалтгаан болсон. Гэлээ ч сумог байлдан дагуулчихаад байгаа Монголд үзүүлэх барилдаан зохиохгүй байх боломж сумогийн холбоонд олдсонгүй. Аварга энэхүү барилдаанд түрүүлчихээд эхэр татан уйлсан нь нэгд элгэн садныхаа өмнө барилдсандаа баярласных, хоёрт энэ үзүүлэх барилдааныг эх орондоо авчрахын тулд юу амссанаа санасных байсан биз ээ.
Гомдолгүй хэргийн “гомдолтой” шийдвэр
2010 оны эхний башёгийн дундуур аварга нэгэн зоогийн газар оржээ. Тэрбээр нэлээд хөлчүүрхсэнээ хүлээсэн нь бий. “Асашёорюү юу ч санахгүй байгаа” гэж багш нь түүний өмнөөс сүмогийн холбоонд мэдэгдэхэд хүрсэн юм. Аваргыг хүн алгадсан гэж хэвлэлээр шуугисны хариуг ингэж өгсөн. Өнөөх алгадуулсан гэх этгээд тэр даруй гомдол мэдүүлээгүй хэрнээ арав хоногийн дараа “Би гомдолтой” гээд Цагдаагийн газар очсон гэдэг. Ингээд хэрэг явдал өрнөлөө. Улыг нь шагайх дуртай япон сэтгүүлчид нөгөө нөхрийн хамрыг цөм цохьсон мэтээр дэвэргэн бичих болов. Гэтэл өнөөх гомдолтой гээд байсан эр “Би гомдолгүй. Ер нь би өөрөө буруутай” гэж ухааны юм яриад өргөдлөө буцаагаад авчихаж.
Энэ хооронд жижиг арал дээр газар авсан дуулиан Сүмогийн холбооныхныг заавал шийтгэл ногдуулахад хүргэлээ. Өөнтөгч, зохиолч эмэгтэй Макико Учидатэ ч “Сүмогоос хөөх хэрэгтэй” гэж эхэлж дуугарав. Дараа нь Сүмогийн холбооны Ерөнхийлөгч “Хэрэг явдал үнэн бол урьдынхаас хатуу шийтгэл ногдуулна” гэж мэдэгдлээ.
Ингээд Сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, аваргыг сүмогоос хөөх эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнө Асашёорюү зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан. “Японы Эзэн хааны цом”-ыг 25 дахиа гардаад ердөө аравхан хонож байхдаа тэрбээр энэ шийдвэрээ гаргасан юм. Асашёорюүг агнасан таван тохиолдлын товчлон дурьдахад энэ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn