&#34Уул уурхай муухай гэсэн сэтгэлгээнээсээ салах ёстой&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

&#34Уул уурхай муухай гэсэн сэтгэлгээнээсээ салах ёстой&#34

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа.

 

-Эдийн засаг хямралаа гэж сүүлийн хоёр, гурван жил ярьж байгаа ч гарах арга замыг өгүүлж байгаа хүн алга. УИХ-ын гишүүний хувьд энэ бүх асуудалд ямар дүгнэлт хийж байна вэ?

 

-Эдийн засгийн хямрал, төгрөгийн сулрал гээд хүн бүхэн л ярьж байна. Үүний ачаалал ч өрх бүрт тусч байгаа. Манай улс хэрэглээнийхээ 90 хувийг гаднаас авдаг, дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн гээд үзэхээр яах аргагүй уул уурхайн салбартаа онцгой ач холбогдол өгч байж хямралаас гарна.

 

Эдийн засагчид олон өөр тайлбарыг хийгээд байгаа. Орост үүсээд буй нөхцөл байдал, дэлхийн их гүрнүүдийн тэмцэл зарим орны дайн гээд олон талаас нь харахад дээрх хүчин зүйлүүдэд хамааруулалгүйгээр явах боломж байсан. Өнгөрсөн 2012 онд УИХ-ын 52 дугаар тогтоолоор “Чингэс” бондын 1.5 тэрбум ам.долларыг босгох, хөрөнгө санхүүг зарцуулах итгэлийг Засгийн газарт үзүүлсэн.

 

Бид босгосон хөрөнгөндөө хэт эрдсэн, түрэмгий байдлаар зарцуулж харалган байсны горыг өнөөдөр үүрч байна. Шууд хэлбэл төрийн бодлого оновчгүй байж. Зам тавьсан нь сайн ч тэр хөрөнгөөр ямар салбарыг дэмжвэл дээр вэ гээд бид жаахан л системтэй, сэтгэлтэй, бодлоготой явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй л байсан.

 

-Нэгэнт нөхцөл байдал хүндэрчихээд байхад УИХ-ын гишүүд хямралаа гээд сууцгааж байна. Харин гарах гарц, буруутанд хариуцлага тооцох тухай огт яригдахгүй юм?

 

-Буруутныг эрж, хариуцлагыг ярих юм бол мэдээж шинэчлэлийн Засгийн газар, Төв банк, Хөгжлийн банк, зарим талаар УИХ-д ч тодорхой хариуцлага оногдох ёстой. Энэ алдаатай бодлого эртнээс буюу 2000 оноос эхтэй, МАН төрийн бодлогыг буруу барьсан, халамжийг хавтгайруулсан, Тавантолгой, Оюутолгойн гэрээг муу хийсэн гэх зэргээр ярьж булзах байдал сүүлийн үед их харагдах болж.

 

Гэхдээ энэ хямрал юунаас үүдэлтэй вэ гэвэл Урт нэртэй хууль, Ерөнхийлөгчийн хайгуулын лицензэд тавьсан хориг, 2012 оны Аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэх мэт бизнесийн салбарыг хэт боомилсон шийдвэрүүдийг ар араас нь гаргасны үр дүн. АН- ынхан эх оронч үзэлтэй болох гэж, ард түмэнд таалагдахын тулд “Уул уурхай зохистой бус байна, уул уурхай зөв явахгүй байна, хариуцлага алга, хөрөнгө оруулагчид Монголын орны маань байгалийг сүйтгэж дууслаа" гэцгээж байсан шүү дээ.

 

Ингэж л болж бүтэхгүй бүх зүйл уул уурхайтай холбоотой гээд хөрөнгө оруулалтууд дээр хориг тавьснаас болж уул уурхай дээр суурилж явсан эдийн засаг унасан. Тэгэхээр хариуцлага хайх ёстой болбол Урт нэртэй хуулиас эхэлж ярих болно. Эдийн засгийн ямар үндэслэлээр Урт нэртэй хуулийг гаргасан юм. Тухайн бүс нутагт байгаль орчныг хамгаалах асуудал тухайн үед хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд бүрэн хэрэгжиж байсан уу, мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд асуудлаа шийдвэрлэх байгаа юу, нөгөө талаас зөвхөн өөрсдийгөө бодох бус гадны болоод дотоодын хөрөнгө оруулагчид хууль бус дарамттай учирч байна уу гэх мэт олон зүйлийг тунгааж байж хуулийг гаргах учиртай.

 

Өнгөрсөндөө их сайн дүгнэлт хийж байж урагшилна. Үүний зэрэгцээ улсын өрийг огцом нэмж “Чингэс” бондыг босгосон хүмүүстэй хариуцлага ярих хэрэгтэй. Үгүйдээ л тэд зарцуулсан тайлангаа тавих шаардлагатай байна.

 

-Тэгвэл Монгол Улс яаж мөнгөтэй болох вэ?

 

-Худалдаа буюу хэрэглээг дэмжсэн эдийн засгаас үйлдвэрлэл дээр суурилсан эдийн засаг руу шилжиж байж л асуудал шийдэгдэнэ. Валютын ганц цорго болох уул уурхайн салбарыг унагачихсан. Тиймээс өнөөдөр уул уурхай муухай “пээ пүү” гэдэг сэтгэлгээнээс салах хэрэгтэй. Ингэж баялгийн санг бүрдүүлдэг ч юм уу арга хэмжээг авах ёстой.

 

Манайхаас бусад орнууд баялгийн санг байгуулж өнөөдөр олж байгаа орлогоосоо ирээдүйдээ үлдээх, газар дор байгаа зүйлийг гаргаж ирж үнэ цэнэтэй болгосон гэдгээрээ бусад орнууд ялгаатай. Наад захын жишээ гэхэд 1992 он хүртэл Казахстан гэдэг улс дэлхийн газрын зураг дээр байдаггүй байсан. Харин 23 жилийн дотор биднээс хэд алхмаар түрүүнд хөгжлийнхөө чиг баримжааг тодорхойлж, баялгаа хүртээд сэтгэл хангалуун амьдарч байна. Манай улс 2200, 800 жилийн түүхтэй, тусгаар тогтнолын 100 жил гээд яриад байдаг.

 

Энэ хооронд хөрш зэргэлдээ орнууд хожиж бид багахан хувийг нь хүртэхээр булаацалдаад сууж байна. Өнгөрснөөрөө бахархаж цээжээ дэлдэх ч урагшаа яаж явах вэ гэдгээ нэн тэргүүнд тавьж тодорхойлох шаардлагатай.

 

Тэгэхээр урагшаа зоригтой явахын тулд яах аргагүй гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн замыг сонгохоос өөр арга байхгүй. Харин олсон хөрөнгийнхөө зарцуулалтын хяналтыг л сайн тавих хэрэгтэй байна. Хувийн хэвшил яагаад хөгжөөд төрийн байгууллага яагаад дампуураад байдаг вэ гэдэг нь хяналттай л холбоотой.

 

-МАН нэмж зээл авахыг эсэргүүцэж өрийн таазыг байгаа хэмжээнд нь буюу 58.3 хувьд баталсан учраас боломжгүй юм биш үү?

 

-Нэг бол бүсээ чангална эсвэл стратегийн ордоо ашиглаад гадны хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэгт төрийн бодлого явах ёстой. МАН өрийн таазыг нэмэхгүй гээд өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувьд баталсан. Бүлгийн шийдвэр ч гэлээ олонхио дагаж гардаг. Хоёрдугаарт бид эдийн засгийг ийм түвшинд хүрсэн гэдгийг мэдээгүй явсан. Өрийн тааз ДНБ-ий 40 хувиас хэтрээгүй гээд байсан ч 49, 55.2 гээд өдөр бүрийн мэдээллээр өр нэмэгдсээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн.

 

Дэлхийн банкныхан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн зээл тусламж нь хагас төсвийн байдалтай явж байна. Үүнийг төсөвтөө оруулбал танай төсвийн алдагдал ДНБ-ий долоон хувьтай байна шүү" гэж байна.

 

Мөн өрийн дээд хэмжээ 58.3 хувь гэдэг нь ч бас эргэлзээтэй болоод эхэллээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөвт тусгавал өрийн тааз ДНБ-ий магадгүй 67 хувьд хүрсэн байх магадлалтай гэнэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр рүү бараг гурван их наяд төгрөг нийлүүлчихсэн байгаа.

 

-Өрийн таазыг тогтоочихсон. Гэхдээ зээл авахгүй л бол эдийн засаг сэргэхгүй. Энэ зөрчлийг яаж арилгах вэ. Магадгүй Өрийн удирдлагын хуулийг баталбал нэмж зээл авах боломж үүсэх байх гэж байгаа үнэн үү?

 

-Зөрчил үүсчихээд байна. Өрийн таазыг 58.3 хувь гэж өсгөж баталсан ч төсвөөс гадуурх төв банкны хэрэгжүүлж буй бусад эх үүсвэртэй холбоотойгоор хууль өнөөдөр ч зөрчигдөж байх магадлалтай байна. Ийм л эргэлзээтэй байдал үүсчихээд байна.

 

Үүний дараа Олон улсын валютын сангийнхан “Stand by” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гээд яриад л байна. Тэгэхээр одоо УИХ, Сангийн яам, Монголбанк их сайн уялдаж бодлогоо нэгтгэх ёстой. Бодлого нэг байж хямралыг давж гарна.

 

-Нэгдсэн бодлого гэдэгт юу багтах ёстой юм?

 

-Бүсээ чангалах юм уу үгүй юу гэдгээ л тодорхойлох. УИХ нь саяхан өрийн таазыг 58.3 хувь, төсвийн алдагдлыг таван хувь байхаар баталчихлаа. Харин төв банк нь ямар байр суурьтай байгаа юм. Ингэж байр сууриа нэгтгээд асуудлаа цэгцлээд явах хэрэгтэй.

 

Засгийн газар гэхэд ийм төсөв оруулж ирлээ, дэмжвэл дэмж, боливол боль гээд л явах ёстой байсан. Харамсалтай нь Засгийг тэргүүлэгчид тийм эрсдэл хийгээгүй. Эдийн засгийг өөд татахын тулд ийм чангарсан бодлого хэрэгжүүлнэ гэж танилцуулаад УИХ дээр хамгаалаад л гарах ёстой байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй.

 

-УИХ-ын гишүүд хэмнэнэ гэсээр 58 тэрбум төгрөгийг өөрсдөдөө хаяглаж баталлаа. УИХ-ын гишүүд юу хийх гээд байгаа юм?

 

-58 тэрбум төгрөгийг шууд авлаа гэж ярьж байгаа нь буруу. Тэр мөнгө тойрог руу явна. Гэхдээ хэр их амин ухал зүйл рүү явж байна вэ гэдэг нь чухал. Хасна гээд хүүхдүүдийг гурван ээлжээр 20 цаг хүртэл хичээллүүлээд, эрсдэлд оруулаад, гэрт нь цоожлуулаад байж болохгүй биз дээ.

 

Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт дутуу баригдсан маш яаралтай ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийг барьж дуусгах хөрөнгө хангалтгүй тавигдсан мөртлөө дахиад дуусгаж чадахгүй ажил эхлүүлэхээр хөрөнгийг тарааж байршуулсан байсныг дотор нь зохицуулалт хийхээр санал гаргаж батлуулсан зүйлүүд байгаа. Ингэснээр хоёр ч сургуулийн хэт ачаалал буурахаар болоод байна.

 

Гишүүд биднийг ард түмний асуудлуудыг төр засагт хүргэ, шийдвэрлүүл гэж сонгодог биз дээ. Гэхдээ зөвхөн ард түмэн гээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг популизмаар хөсөрдүүлж болохгүй. Таналт, хасалт, хэмнэлт ухаалаг, шударга байх ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд тэр мөнгийг өөрсдөө захиран зарцуулна гэсэн ойлголт огт байхгүй. Төсвийн тухай хуулиараа яам болон холбогдох байгууллагууд зарцуулаад л явна.

 

-Тэгвэл Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаас гадна гишүүдийн гэж нэрлэгдээд байгаа мөнгө хөрөнгө оруулалт болж очих нь. Дээрээс нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийгдэх вэ?

 

-Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө асуудал шийдэх дорвитой хөрөнгө оруулалт болж чадахгүй байгааг би дахин хэлмээр байна. Хороо бүрт өгч байгаа 50-150 сая төгрөгийг нийлүүлээд зарцуулбал дүүрэгт 3-4 цэцэрлэг шийднэ.

 

Энэ чинь бодлого. Улсын төсвийн тухайд дээр хэлсэнчлэн Сонгинохайрхан дүүрэгт өмнөх онуудад хэрэгжүүлээд гүйцэтгэл нь дутуу их олон барилга, байгууламж байна. Ер нь төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа барилгын ажил зарим нь 7-8 жил явагдаж байна.

 

Судлаад үзэхэд олон талын зүйлээс шалтгаалдаг бололтой юм билээ. Манай тойрогт сургууль, цэцэрлэг, зам, цахилгаан, дэд бүтэц асар их хэрэгтэй байна. Нэг хэсэг шилжилт хөдөлгөөн ихэссэнээс улбаалаад тавигдсан дэд бүтцийг дахиад цааш нь татах ажил яригддаг.

 

Дахиад л зам тавих, сургууль барих асуудал хөндөгддөг. Ийм учраас хүсэлтийг нь биелүүлэх гээд багахан хөрөнгө гаргаад ажил эхлүүлдэг. Тэр нь 7-8 жил үргэлжилж байна. Би төсөв хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд цөөн ч амин чухал ажлууддаа хөрөнгөө зөв хуваарилаад ажлынхаа үр дүнг хараад явах нь зөв гэж бодож байгаа.

 

Сонгинохайрхан дүүрэгт 2015 онд 4, 8, 20 дугаар хороонд 3 цэцэрлэг, 24 дүгээр хорооны 124 дүгээр сургууль, 1 спорт цогцолбор, 25 дугаар хорооны 104 дүгээр сургуулийн барилгын санхүүжилтийг бүтнээр оруулж санхүүжилтийн эхний хэсгийг улсын төсөвт суулгууллаа. Гурван цэцэрлэг, Орбит, Толгойтыг холбосон авто замын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр болсон.

 

-Эцэст нь асуухад Синь-хуа агентлаг 2017 онд Монголыг дампуурлаа зарлана гэж мэдээлж байна билээ?

 

-Тэдний хэлснээр болдог юм гэж юу байхав. Одоо ярьж байгаа сэдвүүд буюу стратегийн ордуудыг яах ёстой вэ, Оюу толгойгоо яаж хөдөлгөх юм. Таван толгойн алдагдлыг үе шаттайгаар яаж барагдуулах вэ гэдэг чинь 2017 оноос хойших эдийн засгийн ачаалалд чиглэгдэж байгаа.

 

Үүнийг шийдэхийн тулд Оюу толгой, Таван толгойн асуудлыг ярихаар эх оронч бус гэж цоллуулах юм. Тэгэлгүйгээр нэгдсэн ойлголтдоо тулгуурлаад хоёр толгойгоо эхний ээлжинд явуулчихъя. Дараа нь Гацууртын ордыг хариуцлагатай уул уурхай руу чиглэсэн орчин үеийн шаардлагаар нь ашиглаж Хүннүгийн булшийг дэлхийд яригдах цогцолбор болгож хамгаалах ёстой. Ингэснээр Гацууртын орд ч тэр, Хүннүгийн булш ч тэр манай улсын жинхэнэ баялаг болно.

 

-Та гаднаас зээл авах, Гацууртын ордыг ашиглах асуудлыг дэмжиж байгаа гэсэн үг үү. Ихэнх УИХ-ын гишүүн үүний эсрэг байна шүү дээ?

 

-Гацууртын орд гэж тухайлахаасаа илүү бид угаасаа л гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжийг авч уул уурхайгаа зохистой ашиглаж байж хямралаас гарна. Бид гурван саяулаа болчихлоо. Бид ингээд яваад байж болох ч хэдий хүртэл ийм хүргэж ядсан байдлаар явах юм.

 

Бүхий л үйлдвэрлэл байгаль орчинд их бага хэмжээгээр хор хөнөөл учруулдаг. Харин орчин үед нийгмийн хариуцлага, байгаль орчны стандарт гэж зүйл байгаль орчноо сүйтгүүлэхээс хамгаалдаг. Харин төр засаг энэ тал дээр чанга хатуу байж чаддаг байх ёстой болов уу.

 

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж