Хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг тогтоолоо
Засгийн газар Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа.
Ингэснээр “Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд тус тус зохион байгуулах тов гарав.
Харин баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг Сүхбаатар, төвийн бүсийн уралдааныг Өвөрхангай, говийн бүсийнхийг Өмнөговь, хангайн бүсийн уралдааныг Булган аймагт 2015 оны долдугаар сарын 25-26-нд, Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн уралдааныг Говьсүмбэр аймагт наймдугаар сарын 8-9-нд тус тус зохион байгуулах юм байна.
Б.ЭНХ