Энэхүү арга хэмжээ нь “Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилготой юм. Даяарчлалын зуунд хадгалагдаж үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноор жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлж хүүхэд, залуучуудад нүүдэлчин үндэстнийхээ түүх, соёлоор бахархаж, хайрлах сэтгэлийг бий болгодгоороо онцлог юм.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа зэрэг үйл ажиллагаа явагдана.
Наадмын үйл ажиллагааны томоохон хэсэг болох Монгол үндэсний хувцастай баярын жагсаалд 2009 онд 1000 гаруй хүн оролцсон бол энэ жил илүү өргөн хүрээтэй болгож Нийслэл хотын дүүргүүдийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 2500 хүний Монгол үндэсний хувцастай жагсаал оролцуулахаар төлөвлөжээ.
Энэ өдөр Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, Үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, Нийтийн бүжгийн хос, Хамгийн сайхан дээлтэй хос, Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулах аж.
Б.Энхмандах