Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгч аж ахуйн нэгж болон иргэдэд олгогдох болсон урамшууллын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр ХААЯ-ны хурлын зааланд болж өндөрлөлөө. Хэвлэлийн бага хуралд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд, эдийн засагч Г.Ганбат нар хүрэлцэн ирэв.
"2014 онд тариалан эрхлэгчдийг дэмжих зорлигоор улсаас 25 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 14 аймгийн 67 сумын 908 аж ахуйн нэгж, иргэдэд 27,727,000 төгрөг олгохоор Хүнс хөдөө аж ахуйн яамны 2015 оны 1 сарын 29 ны тогтоол тушаалаар батлагдсан. Энэ тушаалын дагуу өчигдөр тариалан эрхлэлтийг дэмжих сангийн төрийн дансанд сангийн яамнаас мөнгө шилжин орж ирээд байна. Яг одоогийн байдлаар нийт 400 орчим аж ахуйн нэгж иргэдийн мөнгийг шилжүүлээд байгаа. Гадуур гараад байгаа тариалан эрхлэгчдэд олгох мөнгө олдохгүй байна гэдэг нь ташаа мэдээлэл юм. Тариалан эхрлэлт дэмжих сангаас энэ мөнгийг саадгүй цагаан сараас өмнө,бүр шаардлагатай бол энэ долоо хоногтоо шийлжүүлэх ажлыг зохион байгуулж байна" хэмээн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Н.Ариунболд хэлэв.
Мөн тэрээр сэтгүүлчдийн тавьсан асуултанд ийнхүү хариулав.
-Холбооныхны ярьж байгаагаар 100 мянган төгрөгийн урамшууллыг 70 мянга болгон бууруулснаар 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа гэх юм. Энэ талаар тайлбар өгвөл?
-Өнгөрсөн жил энэхүү төсөвт 250 мянган тонн улаан буудай хураана хэмээн тооцож 25 тэрбум төгрөгийг төсөвт тооцоолсон. Харин тооцоолсноос 100 мянган тонноор илүү буюу 350 мянга орчим тонн улаан буудай тариалан эрхлэгчид хураасан. Нэгэнт төсөвт тооцоолсон мөнгийг багасгахгүйгээр нийт тариалан эрхлэгчдэд хувааж өгөхөд 70 мянга төгрөг ногдож байгаа. Улсын төсвөөс ямар нэгэн байдлаар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох урамшууллын мөнгийг багасгасан юм байхгүй.
-Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгогдох мөнгө тариаланчдын данс руу шууд шилжих үү?
-Энэ мөнгө тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон иргэдийн дансруу шууд шилжинэ. Ямар нэгэн чирэгдэлгүйгээр шууд дамжин ордог.
Б.СОНИН