Дэлхийн цомын өмнө: Кайса Макарайнен

Хуучирсан мэдээ: 2018.11.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн цомын өмнө: Кайса Макарайнен

Дэлхийн цомын өмнө: Кайса Макарайнен

Эмэгтэй буутай цаначдын дундаас хамгийн тогтвортой амжилт үзүүлж байгаа тамирчин бол Финланд бүсгүй К.Макарайнен юм. Энэ жил 15 дахь улиралдаа Дэлхийн цомд өрсөлдөх гэж буй Кайса 2010 оноос хойш маш тогтвортой амжилт үзүүлж байгаа бөгөөд 2010-2011 оны улирлаас хойш нийлбэр дүнгээр тогтмол эхний 5-д багтаад байна. Дэлхийн цомын 2010-2011, 2013-2014, 2017-2018 оны улирлуудад нийлбэр дүнгээр алт, 2014-2015 онд мөнгө, 2016-2017 онд хүрэл медаль хүртэж байсан. Кайсагийн хамгийн өндөр амжилт үзүүлдэг төрөл бол хөөх уралдаан юм. Фин бүсгүй Кайса Дэлхийн цомын Бүх-цаг үеийн түүхэнд нийлбэр дүнгээр түрүүлсэн амжилтаараа 6 түрүүлсэн Шведийн М.Форсбергийн ард 3 түрүү хүртсэн амжилтаар М.Нойерын хамт бичигддэг бол Дэлхийн цомоос хүртсэн медалийн тоогоор мөн М.Форсбергийн ард 5 медаль хүртсэн амжилтаар Д.Домрачевагийн ард бичигддэг. Өдгөө 35 настай Кайсагийн хувьд дээрх амжилтуудаа ахиулах бүрэн боломжтой бөгөөд М.Нойер болон Д.Домрачева нар их спортоос зодог тайлсан. Түүний нас нь өнөө цагт уралдаж байгаа биатлонч бүсгүйчүүдээс харьцангуй ахимаг тул алтан медалийн тоогоо ахиулах эргэлзээтэй ч нийт хүртсэн медалийн тоогоо ахиулах боломж бий.

Биеийн тамирын багш мэргэжилтэй К.Макарайнен 1983 оны 1 сард Финландын төв нутгийн Ристиярви тосгонд төрсөн. Дэлхийн цомын дебьютээ 2005-2006 оны улиралд хийж байсан бөгөөд Скандинавын хойгийн Финланд улсаас төрөн гарсан хамгийн алдартай, хамгийн өндөр амжилт үзүүлсэн биатлонч бүсгүй юм. Тэр анх карьераа эхлүүлснээс хойш энэ улирлыг хүртэл хувийн ганцаарчилсан төрөлд 77 удаа шагналын тавцан дээр гарахдаа 23 удаад нь ялагчийн дүрээр гарсан байдаг. Кайсатай нэгэн цаг үед хамт өрсөлдөж байсан Д.Домрачева, М.Нойер, К.Вильхельм, А.Хенкель, Т.Бергер, О.Зайцева, Э.Экхольм нарын шилдгүүд их спортоо орхиод байна. Харин Кайса дараагийн үеийн дүү нар болох Г.Коукалова, Л.Далмайер, Д.Вирер, Т.Экхофф, М.Дори-Абер, Ю.Жима нартай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байгаа. Дэлхийн цомын 3 удаагийн аварга Кайса жил ирэх бүр босоо байрлалаас буудах буудлагын хувь нь сайжирч байгаа. Иймд энэ улиралд амаргүй өрсөлдөгч байх болов уу?

Кайсагийн карьер үнэхээр амжилтаар дүүрэн, мөн ясны тамирчин юм. Түүнд Дэлхийн цомын “болор цом” гурав ч бий, мөн ДАШТ-ний медаль түүний цуглуулгад байдаг. Гэвч түүнд тамирчин бүрийн хүсэл мөрөөдөл болох олимпийн медаль байхгүй. Ванкувер, Сочи болон Пёнчаны олимпийн наадмуудад оролцож байсан ч ганц ч удаа медалийн тавцан дээр гарч чадаагүй байдаг. Олимпийн одгүй тамирчин гэвэл Кайсаг нэрлэх байна. Кайсад олимпийн медаль хүртэх үнэхээр хэцүү юм. Магадгүй 2022 онд Хаалган буюу Жанчхүүд болох олимпийн наадамд олимпийн медалийн төлөөх сүүлчийн дайралтаа хийхийг үгүйсгэхгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж