МАН хямралыг давах санал хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

МАН хямралыг давах санал хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр бүлгээс боловсруулсан саналыг хэлэлцэн Засгийн газарт хүргүүллээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Содбилэг нар мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулан байгуулсан юм. Энэхүү ажлын хэсэг эдийн засагт нүүрлэсэн хямралд бодитой дүгнэлт хийж, макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн шинэчлэл, нийгмийн хамгаалал гэсэн дөрвөн чиглэлээр тодорхой багц арга хэмжээ авахыг Засгийн газарт санал болгосон байна. Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг нэг сарын хугацаанд багтаан боловсруулж УИХ-д өргөн барих санал тавилаа.  Тус намын бүлгээс энэ саналаа өнөөдөр Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Монгол Улсын  эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5 хувиар өсч байсан бол сүүлийн 3 жилд өсөлтийн хурд саарч 2012 онд 12.3 хувь, 2013 онд 11.7 хувь өссөн бол 2014 онд 6.9 хувьд хүрээд  байгаа.  Эдийн засгийн өсөлтийн огцом бууралт нь гадаад, дотоод  олон хүчин зүйлийн нөлөөтэй ч  макро эдийн засгийн бодлого алдагдсан, Засгийн газар, Монголбанк их хэмжээний хөрөнгө мөнгийг зах зээлд нийлүүлж, хяналтгүй зарцуулсан, томоохон хөрөнгө оруулагчидтай үл ойлголцол үүсч  гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан нь голлон нөлөөлсөн гэж  МАН—ын бүлэг үзжээ. Иймд эдийн засгийн хямралыг давахын тулд  макро эдийн засгийн түвшинд хэрэгжүүлж буй өнөөгийн бодлогыг өөрчилж, эдийн засгаа тогтворжуулах, улмаар өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүднээс эдийн засгийн хямралыг давах нэгдсэн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, төсөв, мөнгөний бодлогын уялдаа, зохицуулалтыг хангах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тухайлбал, төсвийн бодлогын хүрээнд төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах, нэгтгэх замаар оновчтой, үр дүнтэй бүтцийг бий болгож төсвийн зардлыг дахин бууруулах, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх, бондын төлбөрийг төлөхөд чиглэсэн төсвийн нөөц сан бүрдүүлэх, төсөвт ирэх дарамтыг бууруулах  санал гаргажээ.

Мөнгөний бодлогын хүрээнд Монголбанкны бодлогын хүүг нэмэгдүүлэх, Монголбанкнаас гадаад валютын зах зээлд интервенци хийж байгаа үйл ажиллагааг хязгаарлаж, төгрөгийн ханшийг илүү чөлөөтэй болгох, зарим салбар, аж ахуйн нэгжид Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл олгосон явдал зах зээлд гажуудал үүсгэж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгааг хумих, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох, хөтөлбөрийн хүрээнд олгогдсон хөнгөлттэй зээлийг буцаан төлүүлэх  санал тусгагдсан байна. Харин

Бодит секторыг дэмжих чиглэлээр, эдийн засгийн хямралын бодит секторт үзүүлэх сөрөг нөлөөг аль болох багасгах, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд  нэг талаас стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг ажил хэрэг болгож үйлдвэрлэл,  бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, нөгөө талаас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, компаниудыг ажлын байраа хадгалах, зардлаа багасгах, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, хэмнэлтийн горимд шилжүүлэн ажиллуулах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, цаашлаад бизнесийн орчныг сайжруулж хувийн хэвшлийг дэмжих чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байна.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд:  Эдийн засгийн хямралыг даван туулах, макро эдийн засгийг тогтворжуулах, улмаар өсөлтийг хангах зорилгын хүрээнд хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох чиглэлээр УИХ-д өргөн баригдсан байгаа “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” УИХ-ын тогтоолын төсөл, мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж улс орны дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Ингэхдээ Төсвийн хүрээнд улсын өрийн хэмжээг бууруулах, төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрийн дарамтыг багасгах, өрийн менежментийг боловсронгүй болгох үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийг төслийг хэлэлцэн шийдвэрлэх, "Чингис" бонд, Хөгжлийн банкны бондын 2017, 2018 онуудад төлөгдөх  гадаад төлбөрийг улсын төсөвт ачаалал, дарамт үүсгэхгүй байхаар шийдвэрлэх зорилгын хүрээнд хуримтлалын сан байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх санал боловсруулжээ. Түүнчлэн бизнесийн орчин,   ажил эрхлэлт,  орлого  нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн чиглэлээр тодорхой саналууд  тусгасан байна.

Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Үүний зэрэгцээ УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж  200 метр  дотор олборлолт явуулахгүй байхаар  байр сууриа нэгтгэжээ. Харин Өрийн удирдлагын тухай хуулиар өрийн талаарх тодорхойлолтыг  ойлгомжтой болгохоос гадна  Монгол Улсын өрийн хэмжээнд өөрчлөлт орж болзошгүй байгаа тул энэхүү хуулийн төслийг татаж авах  нь зүйтэй гэж үзсэн байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж