Сэлэнгэ аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 31-ний өдөр улсын хил зөрчсөн таван иргэнийг хилчид саатуулан шалгажээ. Тэдгээр иргэд самар түүх зорилгоор явж байгаад төөрч, хил зөрчин буцаж орж ирсэн байжээ. Дээрх зөрчлийн дагуу шалгалт хийхэд манай улсын хилээс 800 метрт дөрвөн отогт нийт 25 хүн байрлаж байжээ. Мөн нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Дорнод, Дорноговь аймгийн нутагт гурван иргэн нойтон бургас бэлтгэх, найман иргэн алт олборлох зорилгоор хилийн зурваст автомашинтайгаа зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилчид саатуулжээ. Хил зөрчсөн иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, орон нутгийн Байгаль хамгаалах албанд шилжүүлсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүн галт тэргэнд нуужээ
Өнгөрсөн сарын 21-ний өдөр Сүхбаатар төмөр замын боомтоор Москва-Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргээр зорчин явсан манай улсын хоёр иргэн хоёр сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг галт тэрэгний эд ангид нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүлжээ. Гаалийн татвараас зайлсхийсэн энэхүү хэргийг Гааль, Хилийн мэргэжлийн хяналтын албанд шилжүүлсэн байна.
Хариулгагүй мал хил давах шахжээ
Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 26-ны өдөр улсын хилээс 100 метр газарт 14 адуу хилийн зурвас даван орж ирсэн байна. Морвдыг ОХУ-ын талд Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээлгэн өгчээ. Мөн Увс, Сэлэнгэ, Өмнөговь аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 1-ний хооронд эзэн хариулгагүй 1500 гаруй хонь, 31 адуу, 20 тэмээ улсын хилд тулж, хил давах шахжээ. Хилчид малыг хил давуулалгүй тогтоон, эздэд нь буцаан өгсөн байна.
Д.ЦЭЭНЭ