М.Энхсайхан хариултыг бичгээр өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан хариултыг бичгээр өгнө гэв

УИХ-ын нэр бүхий 16 гишүүн Монгол Улсын сайд М.Энхсайханд хаялан санал асуулга хүргүүлсэн юм.  Уг асуулгад зургаан асуудалд хариулт өгөхийг шаарджээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах тухайд, УИХын шийдвэрийн тухай, хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлын талаар, хөрөнгө оруулагч талуудын хувьцааны бүтцийн тухай, хөрөнгө оруулагчтай хийж байгаа хэлэлцээрийн явцын тухай, төмөр замын асуудлаар асууж тодруулах, танилцуулах шаардлага байгааг онцолжээ. Тодруулбал, Тавантолгойн хөрөнгө оруулагчийн 51 хувийг манай улсын дотоодын компани 51-ээс доошгүй хувийг эзэмшиж чадаж байгаа эсэх, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын суурь бүтэц нь хуулийн дагуу Монголын талын мэдэлд үлдэж байгаа эсэх, тендерт ард түмэнд тараасан 1072 ширхэг хувьцааг хэрхэн тусгаж байгаа талаар нийт 20 гаруй асуудлыг  тодруулж, чуулганы хуралдаан дээр танилцуулахыг хүссэн байна.

Тэгвэл М.Энхсайхан энэ талаар фээсбүүк хуудаснаа “УИХ-ын гишүүдийн гарын үсэг бүхий Асуулгыг өнөө өглөө албан ёсоор хүлээн авлаа. Нэгдмэл ойлголтыг бүрдүүлэхэд чиглэгдсэн чухал асуудлуудыг хөнджээ. Хариултыг бичгээр өгөх болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн тэрбээр, АН-ын бүлэгт Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж, төслийн хэлэлцээний явцын талаар танилцуулсан байна.

Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм. Тиймээс энэ талаараа фээсбүүк хуудаснаа тайлбар хийсэн байна. Тэрбээр “Хэлэлцээг намайг ганцаараа хийгээд байна гэж ойлгосон хүн байна. Megaproject.mn сайтаас ажлын хэсэг гэдэг рүү орвол ямар хүмүүс голчлон ажиллаж байгаа нь харагдах болно.  Нүүрсний үнэ унасан нөхцөлд ТТ-г худалдах нь зөв үү гэж будилах дарга байх юм. Ордоо худалдах тухай яриагүй, ордод хөрөнгө оруулагчийг татаж тэдний эрсдэл гаргаж хийх хөрөнгөөр Монгол босч ирэх тухай ярьж байгаа гэдгийг дээрх сайтаас ойлгомоор. Бусад асуудлаар авах гээхийн ухаанаар хандаж болохоор байлаа” гэжээ.

Монгол Улсын Засгийн газар 2011 оноос Тавантолгойн  ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч өнгөрсөн дөрвөн жилийн турш уг төсөл гацаатай байсан юм. Харин 2014 оны сүүлээр Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг тодруулж, хоёр дахь шатны хэлэлцээг эхлүүлээд байгаа юм.

Мөн Монголын Улсын сайд М.Энхсайхан Засгийн газраас зохион байгуулж байгаа санал асуулгын 1-ийг сонгоно гэдгээ илэрхийлж, монголчуудыг нэг дугаарыг сонгохыг уриалжээ. 

Тодруулбал, “Би хувьдаа Мегатөслийг хэрэгжүүлэх Нэгдүгээр сонголтыг сонгоно. Энэ сонголт зөвхөн Засгийн газрыг дэмжих сонголт биш. Дэлхий дахинд Монголын ард түмнээс өгөх хамгийн зөв мессеж болох учир та бүгдийг 1 дугаарыг сонгохыг уриалж байна” хэмээн нүүр номдоо бичсэн байна.

Тавантолгойн төслөөр УИХ-ын нэр бүхий 16 гишүүний илгээсэн асуулгад М.Энхсайхан сайд ямар хариулт өгөх нь сонирхол татаж байгаа юм.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж