-Бүтээлийн шалгаруулалтад 2010-2014 оны хооронд хэвлэгдэн нийтийн хүртээл болсон орчуулгын бие даасан бүтээлийг энэ сарын 10-ны дотор авна.-
Дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарам “Билигт гүүш” шагналыг хоёр жилд нэг удаа олгож байхаар “Гэндэндарам сан”-г буй болгов.
“Билигт гүүш” анхны шагналыг ирэх гуравдугаар сарын 21-д буюу Дэлхийн яруу найргийн өдрөөр тодруулах бөгөөд нэг удаа олгох шагналын хэмжээ 4.500.000 төгрөг, дурсгалын цом байх юм.
Энэхүү бүтээлийн шалгаруулалтад 2010-2014 оны хооронд хэвлэгдэн нийтийн хүртээл болсон орчуулгын бие даасан бүтээлийг(ном) энэ сарын 10-ны дотор Соёл, яруу найргийн академийн дэргэдэх Гэндэндарам санд авна.
Бүтээл нь уран зохиолын аль ч төрөл байж болох бөгөөд нэр хүндтэй мэргэжлийн баг шалгаруулж дүнг нийтэд зарлан, ёслол хийж гардуулах болно гэж Гэндэндарам сангаас мэдээлэв.
Уралдааны шалгаруулалтын талаархи мэдээллийг 9929-6481, 9973-6318 дугаараас аваарай.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
Ч.БОЛОР