Монголчууд шунал ихэдвэл шулам болно гэж ярьдаг. Зүгээр ч нэг хэлээгүй энэ үгээр дамжуулан хүнийг шуналаа хэмжээ хязгаартай барьж байхгүй бол шулмаас дор болохыг тойруу утгаар сануулдаг хэрэг. Гэвч орчин цагт ашиг олж байвал бусад нь хамаагүй мэт ойлголт зарим хүнд явдаг бололтой. Цаашлаад өөрийн монополь эрхээр хайцаалж, хүссэн үнээ тогтоодог гаж тогтолцоо бий болж байх шиг. Үүний илрэлийг “Гацуурт”-ын Л.Чинбатын жишээнээс харж болно. Түүнийг Монголын газар тариалангийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Гацуурт” компанийг удирддаг гэдгээр нь хүмүүс илүү мэднэ.
“Гацуурт” нь 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдэг гэхээр ямар хэмжээний компани болох нь ойлгомжтой. Гэвч Л.Чинбатад энэ бүхэн багадаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын газар тариалангийн салбарт бараг л монополь тэрээр буудайн үнийг өөрийн дур зоргод нийцүүлж, амандаа орсон тоогоор төрд “шахах” гэж улайрах болжээ.
Саяхан даа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХХААЯ, тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Улмаар тариаланчдын агуулахад хадгалж байгаа 40 мянга, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-д тушаасан 31.5 мянган тонн улаанбуудайн тоо хэмжээ, чанарт хяналт шалгалт хийх үүргийг өгсөн байдаг. Энэ дагуу салбар хариуцсан яам, МХЕГ, тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны хамтарсан ажлын хэсгийнхэн ТЭДС-гийн зургаан байршилд хадгалж байгаа 31.5 мянган тонн буудайнд шалгалт хийж 84 хувь нь чанарын шаардлага хангаж, үлдсэн 16 хувь нь хангаагүй болохыг урьдчилсан байдлаар гаргажээ. Харин тариалан эрхлэгчдийн агуулахад хадгалж байгаа 40 мянган тонн улаанбуудайд шалгалт хийх гэсэн боловч хаана хэрхэн хадгалж буй нь тодорхойгүй байжээ. Л.Чинбат тэргүүтэй хүмүүс ч холбогдох албаныхантай уулзахаас зайлсхийж, ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Тиймээс салбар хариуцсан яамнаас гурил үйлдвэрлэгчдэд шаардлагатай байгаа 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй гэж үзэн стандартын шаардлагад нийцсэн буудайг биржээр дамжуулан хүлээн авч урамшуулал олгох асуудлыг боловсронгуй болгох шийдвэрийг гаргажээ.
Гэтэл Л.Чинбат тэргүүтэй хүмүүс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж тариалан эрхлэгчдээ боомилж, дотоодын компаниудаа дампууруулах гэж байна хэмээн дахин эсэргүүцэж эхэлжээ. Үнэндээ тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжээгүй биш дэмжиж ирсэн байдаг. Тэр тусмаа өөрсдийг нь боомиллоо хэмээн хамгийн ихээр хашгирч байгаа “Гацуурт” компани, Л.Чинбат өнгөрсөн хугацаанд төрөөс хамгийн их дэмжлэг авч ашиг шимийг нь хүртсэн байх юм. Үүнийг дараах хэдхэн баримтаас харж болно.
“Гацуурт” болон түүний салбар харьяа компанийн хувьд Монголд хамгийн том буюу 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдгийг дээр өгүүлсэн. Тиймдээ ч дан ганц “Гацуурт” гэлтгүй “Сэлэнгийн тариалан”, “Хандгайт уул”, “Баяндулаан уул” “Номгон буудай” зэрэг өөрийн 15 охин компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгвэл эдгээр компаниараа дамжуулан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрөөс нийт 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авч үйл ажиллагаандаа зарцуулжээ. Үүний 13.9 тэрбум төгрөгийг гэхэд зөвхөн шатахууны дэмжлэг болгон авсан байдаг юм байна. Мөн 11.1 тэрбум төгрөгийг дотоодын гурилын үйлдвэр болон ТЭДС-нд тушаасны урамшуулал болгон улсын төсвөөс авчээ. Нэг зүйлийг тодотгоход өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс олгосон 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхдээ НӨТ-ын Гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамруулсан гэхээр “Гацуурт” хэдий хэмжээний ашигтай ажилласан нь ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ бол наад захын дэмжлэг.
ХХААХҮ-ийн сайдын 2011 оны зургадугаар сарын 21-ний өдрийн тушаалаар “Гацуурт” компани Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авч Франц улсаас лимүзин үүлдрийн махны чиглэлийн 138 толгой үхэр оруулж ирсэн байдаг. Гэрээнд энэ оноос эхлэн гурван жилийн хугацаанд 200 толгой болгон буцаан төвлөрүүлэхээр заажээ. Үүнээс гадна ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны тавдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар дахин улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Францаас монтбелиард, лимүзин үүлдрийн 176 толгой үхрийг оруулж ирсэн байдаг аж. Гэвч “Гацуурт”-ынхан улсын төсвөөс гаргуулсан хоёр тэрбум төгрөгийн гэрээний жилийн эцсийн тооцооны үлдэгдлийн баталгааг өнөөдрийг хүртэл хийхгүй зайлхийсээр байгаа гэнэ. Энэ мэтчилэнгээр “Гацуурт”-д салбар хариуцсан яамнаас нь өнгөрсөн хугацаанд 50 орчим тэрбум төгрөгийн дэмжлэгийн үзүүлсэн байх юм. Гэтэл гар бариад бугуй барина гэгчээр өөрийн эрх ашигт нийцүүлж байвал бусад нь хамаагүй мэт аашлах болсон Л.Чинбатын цаад сонирхол нь юу бэ. Хариулт нь маш энгийн. Дур нь хүрвэл буудайгаа борлуулж, дургүй нь шантаажилдаг буруу жишгийг тэр тогтоож байна. Цаашлаад Монголд монополь тогтоохоор улайрч байна.
Уг нь үе, үеийн Засгийн газраас тариалан эрхлэгчдэдээ дэмжих зорилгоор улаанбуудайг тонн тутамд 60-100 мянган төгрөгийн урамшууллыг олгож эхлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Шалтгаан нь ерөөсөө л гурилын үнийг тогтвортой байлгаж иргэдэд хямд үнээр худалдаалах гэж тэр шүү дээ. Түүнээс биш тариа тарьдаг хүнийг улам баяжуулах гэж ийм шийдвэр гаргаж, тэр хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн халааснаас урсгадаггүй байх. Энэ жил гэхэд урамшууллыг тонн тутамд нь 70 мянган төгрөг байхаар тооцож 25 тэрбум төгрөгийг ТЭДС-нд суулгасан юм билээ. Гэтэл Л.Чинбат тэргүүтэй хүмүүст буудайн үнэ өндөр байх нь чухал болохоос гурилын үнэ өсөх нь хамаагүй бололтой. Тэгээд ч шаардлагатай үед нь төрөөс авч болох бүхий л дэмжлэгийг авч санасандаа хүрчихээд эцэстээ төр рүүгээ нулимж эхэлсэн нь зүйд хэр нийцэх бол. Үнэндээ Л.Чинбатад Монголын улаанбуудайн тариалалтад монополь тогтоож хүссэн үнээрээ гурил үйлдвэрлэгчдэд шахаж ашиг олох нь чухал ажээ. Түүнээс биш буудайн үнээс хамаарч гурилын цаашлаад талхны үнэ өсөх нь огтхон хамаагүй бололтой.
Эх сурвалж: “Үндэсний шуудан”