Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдрүүд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд хязгаарлалттай бүсэд, хязгаарласан дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх 3014 жолооч торгуулжээ.
Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн амралтын өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна. Хязгаарлалт ирэх долоо хоногт мөн хэрэгжих тул тэгшээр төгссөн дугаартай автомашин бямба гараг, сондгойгоор төгссөн бол ням гарагт хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Д.ЖАРГАЛ