Тавантолгой улс төрөө даахаа болив уу

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Тавантолгой улс төрөө даахаа болив уу

Тавантолгойг тойрсон улс төр эхэлжээ. Гурван засгийг элээж, дөрвөн жил ярьсан Тавантолгойн төслийн хувь заяа цаашдаа яаж эргэхийг тааварлахад бэрх болов бололтой.

Tавантолгой бол мега төсөл.  Мега төсөл бол шил.  Хагарахад амархан, хэн нэгэн сүрхий эр чулуу шидэх төдий л бутрах эрсдэлтэйг М.Энхсайхан сайд  байнга сануулж буй.  

Шинэ оны эхлэл, хуучин оны төгсгөл дээр Шийдлийн Засгийн газар Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулж, хоёр дахь шатны хэлэлцээ ид явагдаж байна. Нөөц, чанараараа дэлхийд нэгдүгээрт жагсч байгаа Тавантолгойн ордод олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын төрийн өмчит “Шэнхуа”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” гэх сонирхолтой хослол шалгарч, АНУ-ын “Пибоди энержи” тойргийн гадна үлдсэн юм.    

Хэрэв энэ төслийг хагалчихалгүй шиг аваад явбал монголчууд ойрын гурван жилд гурван тэрбумын, 30 жилийн хугацаанд 94 тэрбум долларын ашиг хүртэнэ гэсэн урьдчилсан тооцоог ажлыг хэсгийнхэн гаргажээ. Гэвч энэхүү мега төсөл бутарч унахад тун ойрхон байгааг УИХ-ын дарга З.Энхболдын хэвлэлд өгсөн ярилцлагаас харж болно. Дээр нь Тавантолгойн төслийг хариуцаж байгаа М.Энхсайханд хаягласан асуулгыг УИХ-ын нэр бүхий 16 гишүүн тавьсан нь их мөнгөний үнэр дагасан том улс төр хэдийнэ хөдөлгөөнд оржээ гэсэн гаргалгаа хийхэд хүргэж байна.   

Төсөл хэрэгжих үеэс л  Тавантолгой дахь  гол хөрөнгө оруулагчийн нэг нь “Пибоди энержи” байна гэсэн хүлээлт байв. Гэвч энэхүү таамгийг  эвдэж, Хятад, Япон, тэр тусмаа “Энержи ресурс”-ийг уг том төсөлд татан оролцуулснаараа Шийдлийн Засгийн газар эрсдэлтэй алхам хийсэн байж магадгүй. Энэхүү сонголт монголчууд бидний эртний сайн түнш АНУ-ыг гомдоогоод зогсохгүй, зарим улстөр, бизнесийн бүлэглэлд шударга бус санагдсан байж болох талтай.  Бусад нь тэмээгээр шогшиж байхад, нэг нь пуужингаар нисэх гомдолтой байхыг үгүйсгэхгүй.  Гэхдээ, үүний цаана эдийн засаг, улс орны асуудал гэхээс өөрсдийхөө лоббиг Тавантолгойд оруулах гэсэн манай улс төр, бизнесийн том бүлэглэлийн сонирхол нуугдаж байна гэж хардах эрх бидэнд бий.

Оюутолгой нь гацаатай, нүүрс үнс болсон өнөөдрийн хувьд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эдийн засаг өөрөө шахаж байгаа. Улс орны хөгжил талаасаа энэхүү мега төслийг хагалчихалгүй шиг аваад явбал эдийн засгийн хямралын үед бид “идэх” хоолтойгоо залгах боломж бий. Үүний хажуугаар энэ том төслийг Засгийн газар УИХ-ын  хяналтгүй дангаараа шийдээд явах эрх бас байхгүй билээ. Тавантолгойг дагасан улс төрийн тоглолтууд ил далдаар явагдаж, эцэстээ М.Энхсайхантай хариуцлага тооцох хэмжээний том асуудал үүсвэл эдийн засгийн хямралаас гаргах үүрэгтэйгээр бүх намуудын эвсэн байж байгуулсан  Шийдлийн Засгийн газар утгаа алдана.

 Эл асуудлыг эв зүйгээр засч чадах эсэхээс энэ засгийн хувь заяа хамаарна гээд хэлэхэд буруудахгүй юм.

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол монголчуудад аль эртнээс байсан.  Төслийг хэрэгжүүлэх бүрт  замд нь тээг болдог,  тэр нь голдуу манай улс төр, бизнесийн бүлэглэлийнхэнтэй хамааралтай  нь худлаа биш юм.   Уг нь төслийг урагшлуулах нь намуудын сонирхлоос илүү улс орны хөгжлийн шаардлага гэж хэлж болно. 

Тавантолгой руу чулуу далайх сүрхий нөхдүүд саарал ордонд олширч байгаа нь сайны дохио лав биш. Хэрэв Тавантолгой нураад ойчвол Монгол Улс эдийн засгийн хямралаас ойрын жилдээ лав гарахгүй. Асуудлын эв зүйг олж, хэн хэндээ ашигтай хувилбарыг сонгохоос илүү хүч түрж далайлгасан улс төрөөр түрий баривал арай гэж босгосон засгаа нураах хэмжээний  аюул нүүрлэнэ. АН-ыхан ийм улс төрийг эхлүүлбэл,  ирэх арван зургаан  оны сонгуульд унах нүхээ ухсантай ялгаагүй биз.  Эцсийн бүлэгтээ энэ засагт намууд томоохон төслүүдээ эргэлтэд оруулж, эдийн засгийн хямралаас гаргахын тулд эрх мэдэл хуваарилж авсан биш бил  үү? Эхний тойрогт нь эвдрэлцээд унах нь юуны дохио вэ?

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж