Төрийн нарийнд 26 хүн өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Төрийн нарийнд 26 хүн өрсөлдөж байна

– Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалт явуулж байна-

Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарласнаар нийт 36 хүн бүртгүүлжээ. Гэвч шалгалтад 26 иргэн өрсөлдөж байгаагийн зэрэгцээ нэр бүхий хоёр яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалтыг хойшлуулсан байна.

 

Энэ талаар бид Төрийн албаны зөвлөлийн ахлах реферэнт Д.Баатарсайханаас тодрууллаа.

-Нийт хэчнээн иргэн төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөж байна вэ. Хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгох сонгон шалгаруулалтыг хойшлуулсан гэх мэдээлэл байна?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд нэр бүхий долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулъя гэж Төрийн албаны зөвлөлд захиалга ирүүлсэн. Хүсэлтийг нь Төрийн албаны зөвлөл нэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дээрх ажлын байранд өрсөлдөх иргэдийн материалыг нэгдүгээр сарын 30-н хүртэл хүлээн авахаар болж, бүртгэлийг зарласан. Гэвч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Эрдэнэтуяа гэж хүн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүссэн учраас энэхүү ажлын байранд сонгон шалгаруулалтын бүртгэл хийгээгүй.

Ингээд зургаан яамны ажлын байрны захиалга дээр 36 иргэн бүртгүүлсэн байгаа. Гэтэл өнөөдөр өглөө мөн Захиргааны хэргийн шүүхээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтыг хойшлуулах шүүгчийн захирамж гарсан байна. Тийм учраас уг ажлын байрны сонгон шалгаруулалт хойшиллоо.

Одоо Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалт явуулж байна. Журмын дагуу сонгон шалгаруулалт эхэлсэн. Нийт таван ажлын байранд 26 хүн эхний шалгалтаа өгөөд явж байна.

-Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хамгийн олон хүн өрсөлдөж байна гэх яриа дуулдсан. Ер нь нэг ажлын байранд хэчнээн хүн өрсөлдөж байна вэ?

-Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 10, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад 5, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 5, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийнд 13 иргэн тус, тус бүртгүүлсэн. Нийтдээ 36 иргэн шалгалтад өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч 2 нь тодорхой шалтгааны улмаас ирээгүй, долоон иргэний оноо хүрээгүй зэрэг шалтгааны улмаас хасагдаж, 26 нь оноо цуглуулаад шалгалт өгөөд явж байна. Залгуулаад ярилцлагын шалгалтад орно. Ярилцлага 20.30 цагт дуусна, цагтаа багтах уу үгүй юу гэдгийг хэлэх боломжгүй байна.

-Хэдий хугацааны дараа Төрийн нарийны нэрийг зарлах вэ?

-Ирэх пүрэв гаригт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, бусдаасаа хамгийн өндөр оноотой нэг иргэнийг нэр дэвшүүлнэ. Хэдийгээр өнөөдөр 20.30 цагт шалгалтын дүн албажих ч Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар дүнг хэлэлцэж байж, нийтэд мэдээлдэг.

Шалгалтад оролцсон хүмүүс ярилцлагад орсныхоо дараа өөрийнхөө дүнтэй танилцаж, гарын үсгээ зурдаг. Энэ дүн өөрчлөгдөхгүй явсаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгддэг юм.  

-Шүүхийн шийдвэрийн дагуу нэр бүхий хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалт хойшилчихлоо. Маргаан дуусгавар болсны дараа сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, шалгалт авна гэсэн үг үү?

-Захиргааны хэргээс шийдвэр хэрхэн гарахаас хамаарч ажлын байрны захиалгыг нийтэд зарлах уу үгүй юу гэдэг асуудал шийдэгдэнэ.

-Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийнд нэр дэвших иргэнд ямархуу шаардлага тавигдсан болоод ийм олон хүн өрсөлдөж байгаа юм бол. Бусад яамдад бас ямархуу шаардлага тавигдсан юм бэ? 

-Тус яамны Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөх бол магистр болон түүнээс дээш зэрэгтэй байя гэсэн. Мэргэжлийн хувьд үйлдвэрийн технологи, бизнесийн удирдлага, инженер санхүүч мэргэжлийн аль нэгээр суралцсан байх. Улсад 10-аас доошгүй жил, удирдах албанд 2-оос доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлага тавигдсан.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөхөд төрийн албанд 10 жил, эдийн засагч, инженер, эрх зүйч мэргэжилтэй байх. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн өрсөлдөх бол төрийн албанд 10-аас доошгүй жил, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй байх. Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөгч нь улсад 10 жил, эдийн засагч, эрх зүйч. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөгч нь эмч мэргэжилтэй, 8-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагууд тавигдсан, тухайн үедээ.

-Төрийн албанд танил талгүй л бол шалгалтад тэнцэхгүй дээ гэдэг яриа бий. Энэ харыг арилгахын тулд шалгалтыг цахимаар шууд хянах боломжийг эрэлхийлж байсан. Одоо яаж байгаа вэ?  

-Шалгалт цахимаар явж байгаа. Шалгалтын танхимд дөрвөн талд нь камертай, камерын бичлэг бүрэн явж байгаа. Танхим дахь шалгалтын явцыг коридорт байгаа дэлгэцээс харж байна. Удирдлагууд маань шалгалт юу болж байгааг өрөөнөөсөө давхар хянадаг, хардаг.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж