Ж.Ганхуяг гэдэг эрхэм Хан-Уул дүүргийн Засаг даргын суудалд сууснаас хойш зургаан жилийг үдсэн хугацаандаа тус дүүргийн газрыг хууль бусаар бусдад шилжүүлэх, Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх газар эзэмших эрхийн асуудлыг дур мэдэн эрхээ хэтрүүлж, өөрөө захирамж гарган шийдвэрлэх, нэг хүнд гэр бүлийн хэрэгцээний хэд хэдэн газар олгох, нэг аж ахуйн нэгжид хуульд заасан хэмжээг хэтрүүлэн газар олгох, төрийн байгууллагын газрыг иргэнд шилжүүлсэн зэрэг удаа дараагийн хууль бус үйлдлүүд нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон бололтой.
Хэрэв энэ бүхэн хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдсон тохиолдолд дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон газрын албаны холбогдох албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болоод байгаа аж.
Дээрх баримтад үндэслэн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Ж.Ганхуягийг огцруулах саналыг өргөн барьсан нь Ардчилсан нам хууль зөрчсөн, алдаатай үйлдэл хийсэн хэн нэгнийг хаацайлдаггүй, хариуцлага тооцож чаддаг гэдгийн нэг жишээ болж байна.
Огцруулах саналд дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын хоёр орлогч, ИТХ-ын ихэнх төлөөлөгч, таван хорооны Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Ахмадын хорооны дарга, Улаан загалмайн хорооны дарга зэрэг албан тушаалтнууд гарын үсэг зурж дэмжжээ.
Б.БАТ