Л.Пүрэвсүрэн Алтанбулаг-Хиагтад ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.02.02-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвсүрэн Алтанбулаг-Хиагтад ажиллалаа

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс өнгөрөгч амралтын өдрүүдэд Алтанбулаг-Хиагт олон улсын боомтын үйл ажиллагаатай танилцлаа. 

Өнгөрсөн оны сүүлээр ОХУ болон Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Харилцан визгүй болсноос хойш зорчигч , тээврийн хэрэгслийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч 36 хувь, тээврийн хэрэгсэл 23.1 хувиар өсчээ. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын байдлаар зорчигч 23226 буюу 88.5 хувь, тээврийн хэрэгсэл 5242 буюу 54 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Шөнийн 00.00  цагаас хойш иргэд гаалийн татвараас зайлсхийх, хилээр мансууруулах бодис, эм, зэвсэг, хуурамч валют болон байгалийн баялагийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдох болжээ. Хиагтын шалган нэвтрүүлэх боомтын хил, гаалийн байгууллага нь  нэг  цагт 5-7 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Энэ нь хоёр талд урт дараалал үүсгэж, зорчигчид бухимдах, гомдол гаргах нөхцлийг бүрдүүлж байна. Нэг тээврийн хэрэгсэл 12 ба түүнээс дээш цагаар дугаарлан зогсч байгаа нь боомтын аюулгүй байдал, журмын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ үеэр ОХУ-ын Буриадын засгийн газар, ОХУ-ын гадаад хэргийн яамнаас Буриадад суудаг төлөөлөгч байлцаж  Алтанбулаг-Хиагт хилийн боомтод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх тухай ярилцжээ.  Визгүй болвол хөл хөдөлгөөн , ачаалал эрс нэмэгдэнэ гэдэгт хоёр талын хил, гаалийн алба бэлэн биш байснаа энэ үеэр дуулгалаа. Алтанбулаг –Хиагт боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан Л.Пүрэвсүрэн сайд тус боомтод  үүсч байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд шийдвэрлэх бодолтой байгаагаа илэрхийлээд  Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж иргэдийг чирэгдэлгүй, эрсдэлгүй Алтанбулаг-Хиагт боомтоор нэвтрүүлэх арга хэмжээ авахаар боллоо. 

ОХУ-ын ихэнх байгууллагууд босоо удирдлагатай, төвөөсөө асуудлыг шийддэг  учраас дээрх асуудлыг төр засгийн хэмжээнд ярьж, шийдвэрлэх хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн “Хилийн боомтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа энэ үед хилийн боомтууд дээр тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх ёстойг тусгах нь зөв гэсэн саналыг хэлжээ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж