Архангай аймгийн Засаг даргын нэрэмжит цас мөсний баяр долоо дахь жилдээ “Цэвэр агаар, идэвхитэй хөдөлгөөн” уриан доор аймгийн нийт албан байгууллагын ажилчин албан хаагчид, иргэдийн дунд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Иргэд хөдөлмөрчдийг эрүүл, цэвэр агаарт идэвхитэй хөдөлгөөнд хамруулах, байгууллага хамт олны үйл ажиллагааг идэвхижүүлэх, иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилготой зохиогддог цас мөсний баяр энэ жил “Цэвэр агаар идэвхитэй хөдөлгөөн” уриатайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Хэдийгээр цас ороогүй бараандуу байгаа ч аймгийн төвөөсөө 3 орчим км-ийн зайтай орших Тамирын голын мөсөн дээр албан байгууллагууд өөрийн нэрэмжит мөсөн хотхон байгуулж, хамт олноороо үндэсний дээл хувцасаараа жигдрэн амралтын өдрийг цэвэр агаарт спортын олон сонирхолтой тэмцээн уралдаанд оролцон идэвхитэй өнгрөөлөө. Энэ жилийн мөсний баярын арга хэмжээнд ойролцоогоор 1000 гаруй иргэд хамрагджээ.
Цас мөсний баярын үйл ажиллагааны хамгийн сонирхолтой, иргэдийн ач холбогдол өгдөг нэгэн тэмцээн нь албан байгууллагуудын дунд зарладаг шилдэг мөсөн хотхон шалгаруулах уралдаан юм. Энэ жилийн хувьд байгууллагууд мөсний баярын удирдамж гарсан өдрөөс эхлэн мөсөн хотхоноо байгуулах ажилд санаачлагатай оролцсон нь илт харагдаж байлаа. Шилдэг мөсөн хотхон бүтээсэн хамт олноор аймгийн БТСГ шалгарсан бол хоёрдугаар байранд Онцгой байдлын газар, гуравдугаар байранд аймгийн ЗДТГ-ын хамт олон тус тус шалгарлаа. Мөн энэ үеэр олс таталт, керлинг, буухиа тэмцээнүүд зохион байгуулагдсан. Олс таталтын тэмцээнд I байранд ХГБХХ, II байрыг Татварын хэлтэс, III байрыг I цэцэрлэгийн хамт олон хүртлээ. Керлингийн тэмцээнд тэргүүн байранд БТСГ, хоёрдугаар байранд Нэгдсэн эмнэлэг, гуравдугаар байранд II цэцэрлэгийн хамт олон шалгарсан бол Буухиа тэмцээний тэргүүн байранд ОБХ, хоёрдугаар байранд НДХ, гуравдугаар байранд Эрчимийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоолоо.
Эх сурвалж: www.zasag.mn