“Аниа сандал авах уу? Хэрвээ авахаар бол та суугаад үзээрэй. Суугаад үзэхэд л их тухтай, өвөл хөлдөхгүй сайн чанарын сандал шүү. Та ямар өнгөнд дуртай вэ. Дуртай өнгийнхөө сандлыг л та аваад яваарай”…гэх хоёр жаахан хүүхэдтэй уулзлаа. Харахад хөөрхөн сэргэлэн жаалууд хацар нь улайчихсан хүйтэнд сандал зараад хүн бүртэй эелдэг харьцаж байгааг нь харахад цаанаа л нэг хайр татам. Эргэн тойронд явсан ах, эгч нарыгаа бараадан сандлаа байдгаараа магтаж, даарч хөрөхөө мартан зогсох өсвөр насны охинтой ярилцлаа.Түүнийг Г.Урангоо гэдэг. Охинтой ярилцаж байхад хэр баргийн том хүнээс дутахгүй хэрсүү байдаг шүү.
-Энэ сандлууд хэчнээн төгрөгийн үнэтэй вэ?
-Аниа сандлууд 15-30 мянган төгрөгийн үнэтэй. Ер нь хүмүүс худалдаж авахдаа ямар үнэтэй юм бэ гэж их хэлдэг. БНХАУ-аас орж ирсэн хэврэг сандлыг нэг удаа хэрэглэх гэж таван мянган төгрөгөөр худалдаж авч байхаар уг нь модон материалтай, хөдөлгөж ганхдаггүй, удаан эдэлгээтэй сандал дээр болов уу гэж боддог. Гэхдээ хүмүүс энийг маань ойлгодоггүй ямар үнэтэй юм гэж дуу алдаад явахад жаахан урам хугарах үе хааяа гардаг шүү.
-Нэг сандал хийхэд хэр хугацаа шаардлагатай вэ?
-Нэг сандал хийхэд нэлээд хугацаа хэрэгтэй. Би ганцаараа хийхгүй шүү дээ. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ л оролцож байж л энэ сандал гардаг юм. Яг үйлдвэрт оруулж байгаа юм шиг 10-20-оор гарахгүй. Шөнөжингөө сууж байж л арай гэж арван ширхэг сандал бэлэн болгоно.
-Хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?
-Бид нар орой долоон цагт ажлаа дуусгаж буудаг. Гэртээ харих гэсээр байтал 21.00-22.00 цагийн үед л гэртээ ордог доо. Өглөө эрт 7.00 гэхэд ажил дээрээ ирчихсэн байх ёстой. Энэ сандлууд маань гарц багатай бүтээгдэхүүн. Жишээ нь тайрна бэлдэнэ, зүснэ, оёно наана гээд л их ажилгаатай.
-Хамгийн үнэтэй материал нь ер нь ямар материал вэ?
-Хамгийн үнэтэй материал нь порлон байдаг юм. Порлон их үнэтэй. Бид нарын сонгож авдаг порлон чанар сайтай даацын порлон л доо. Даацын гэдэг утгаараа суулт өгөхгүй, амархан муудаж эвдэрдэггүй учраас их үнэтэй байдаг.
-Порлон ер нь хэдэн төгрөг байдаг юм бэ. Нэг боодол порлоноор хэчнээн сандал хийдэг вэ?
-Нэг боодол порлон 500 мянган төгрөгний үнэтэй байдаг. Үсрээд л 100 сандал гарах нь уу даа. Гэхдээ яг ч 100 хүрэхгүй ээ.
-Гэр бүлээрээ хийдэг гэж түрүүн сонссон. Хэдүүлээ хамтарч ажилладаг вэ?
-Жил гаруйн хугацаанд ажиллаж байна даа. 11 хүнтэй манай багийнхан. Гэхдээ яг ч манай гэр бүл гэвэл нэг гэр бүлийнхэн биш ээ. Манай ээж, ээжийн маань ихэр эгч, ах, ахын эхнэр гээд бид нар 11-үүлээ ажилладаг. Заримдаа хичээлтэй үедээ ганцаараа ч хийх үе бий.
-Энэ бизнесийг явуулахад хамгийн хүндрэлтэй зкүйл нь юу байдаг вэ?
-Торгууль. Торгуулиад цагдаа нарт хөөгдөнө. Дэлгүүрт лангуу авахад нэгдүгээрт үнэтэй хоёрдугаарт дэлгүүрт зөвхөн хэрэгцээт зүйлсээ хайсан зорьсон хүмүүс л ордог шүү дээ. Харин гадаа гудамжинд зараад зогсоход мөнгөгүй байгаа хэрнээ сонирхох хүмүүс зөндөө таардаг. Сонирхсон хүмүүс хэзээ нэгэн өдөр тэр эгч надаас сандал худалдаж авна шүү дээ. Гадаа гудамжинд зогсоход жаахан даарна. Гэхдээ яахав дээ, даараа л биз, сандлаа хүнд хүргэхийн тулд энэ хэмжээний даарах юу ч биш шүү дээ.
-Ер нь та хоёроос бусад нь өөр газруудаар зарж байгаа юу?
-Зарж байгаа, аниа. Тэнгис, Хороолол, Наран туул зах гэх мэт газруудаар зарж байгаа. Манай гэрийнхэн, үеэлүүд, дүү нар маань хүртэл зарж байгаа шүү./ Инээв/ Одоо энд бид хоёрын зогсож байгаа газар зуны цагт бол цагдаа нар зогсоодоггүй гэсэн.
-Хамгийн ихдээ хэчнээн төгрөгөөр торгуульж байсан бэ?
-Өдөрт тав арван төгрөгөөр торгуульна. Гэхдээ эртээд нэг өдөр 50 мянган төгрөгөөр торгуульсан. Өдөржин зогсож, арай гэж зарсан сандлуудынхаа мөнгийг торгуулинд өгчихөөр хэцүү юм билээ. Хөөгдөх үедээ хөөгдөж, торгууль төлж байгаад ч гэсэн зарж л байхыг бодож байна.
-Ингэхээр ашиггүй биш үү?
-Жижиг сандлыг 15 мянган төгрөгөөр зарж байна л даа. Энэ сандал үйлдвэрээсээ гарахдаа 14 мянган төгрөгийн өртөгтэй гардаг. Бид нар 1000 төгрөг л нэмж зардаг. Яахав дээ хөдөлмөрлөж мянган төгрөгөөрөө халуун цай, идэх зүйлсээ худалдаж авна шүү дээ. Гэхдээ нууцгүй хэлэхэд хэцүү. Чичрэх үедээ чичирч, халууцах үедээ халууцана. Миний бодлоор хүн хөдөлмөрлөж, хүнд хүчрийг туулж байж л амжилтанд хүрдэг гэж боддог. Том сандал маань үйлдвэрээсээ 18 мянган төгрөгөөр гардаг. Том сандлаа 20 мянган төгрөгөөр зарж байгаа. Хоёр мянган төгрөг унагадаг. Худалдаж авч байгаа хүмүүс шууд хэлсэн үнэнд маань худалдаж авахгүй доошоо хэдэд өгөх вэ, үнээ буулгаад ахдаа, эгчдээ зарчих гэдэг. Сандлаа зарахын тулд үнийг нь буулгаад л өгчихдөг. Зөвхөн өөрийгөө бодвол үнээ буулгамааргүй л байдаг. Гэхдээ энэ сандлуудыг хийж байгаа хүмүүсээ бодоод л үнээ буулгаж зарахаас өөр аргагүйд хүрдэг. Сандал хийх гэж их олон хүн хүүхэд гэр бүлээ мартан хөдөлмөрлөж байгаа шүү дээ.
-Тэгвэл харьцангуй олон зарагддаг гэж ойлгож болох уу?
-Үгүй л дээ. Сандал зарагдана гэдэг их ховор шүү дээ аниа. Маш цөөхөн л зарагдана. Өдөртөө 5-6 ширхэг л зарагдвал их юм. Гэхдээ сүүлийн үед Монголын үндэсний телевизийнхэн ирж бичлэг хийгээд, хүмүүс фейсбүүкээрээ гаргаад байхаар харьцангуй борлуулалт сайжрах хандлагатай байна шүү. /Инээв/ Хүмүүс маань биднийг дэмжиж байгаа. Дэмжиж байгаа хүмүүсдээ бүгдэд нь баярлалаа.
-Тэгээд энэ олон сандлыг та хоёр яаж энд авчирдаг вэ?
-Манайх чинь их хол. Дарь эх хүртэл таксидана. Ир очихдоо өдөртөө 30 мянган төгрөг зарцуулдаг.
Э.ТЭКҮ