Анх 2010 оны нэгдүгээр сарын 25-нд Ардчилсан хүчний холбоо нэртэй төрийн бус байгууллага байгуулагдаж байсан билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч одоогоор бол УИХ-ын дарга З.Энхболд холбооны зорилгыг тодорхойлохдоо “Саяхан Өвөрхангай аймгийн төгрөг сумын нэгэн удирдах ажилтныг Ардчилсан намын гишүүн байсан гэдгээр нь ялгаварлан халсан. Тэр хүн энэ асуудлаар өмгөөлөл эрсэн боловч нэгэнт төрийн албан хаагч болж намаас гарсан тул туслах боломжгүй хэмээн буцаасан байгаа. Энэ маягаар Ардчилсан намын хийж чадахгүй байгаа зүйлийг хийхийн тулд энэхүү байгууллагыг байгуулж байгаа юм. Ийм хэлбэрээр л төрийн албанд орсон ч ардчилсан үзэл бодлоороо ялгаварлагдаад хохирсон иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаас өөр арга өнөөдөр байхгүй байна” гэж хэлж байсан үе аль хэдийн таван жилийг ардаа үлдээжээ.
Өнөөдөр уг төрийн бус байгууллага таван жилийн ойн баяраа 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн төлөөлөл болсон 700 гаруй гишүүнтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ. Анх 92 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан төрийн бус байгууллага салбар олон клубтэй Монгол Улс даяар үйл ажиллагаа явуулдаг аварга том байгууллага болон тогтжээ.
Драмын театрын үүдээр дөнгөж шагайхад цагаан, цэнхэр өнгийн энгэрийн тэмдэг зүүсэн бараан өнгийн ажил хэрэгч хослолоор гоёсон залуус бие биендээ баяр хүргэн гар барьцгаана. Сайтар ажиглавал ихэнхдээ л залуучууд байлаа. Үүднээсээ эхлээд л түүх өгүүлсэн зургийн цомог, сонин, сэтгүүл хэвлүүлэн ирсэн зочдод өгөх аж.
УДЭТ-ын тоглолтын их танхимд ортол тайзнаа Ардын жүжигчин А.Долгор дуулж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолт болж байлаа. Хар сарнай хамтлагийн ахлагч С.Амраа ёстой л ирсэн Ардчилсан хүчний холбооны гишүүдийн цусыг хөөргөж үргэлжлүүлэн “Классик жем” хамтлагийнхан “Эх орон” дуугаар мэндчилж үзэгчдийн суудалд зочилсон 700 гаруй залууг суудлаас өндийлгөсөн. Харин тоглолтын төгсгөлд “Халуун элгэн” нутаг эгшигэлсээр Ардчилсан хүчний холбооны таван жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ хөтөлбөртөө “цэг” тавилаа.
Тус холбооны ойн баярт эрчүүд олон цунлажээ. Магадгүй, манай улсад эмэгтэйчүүдээс илүү эрэгтэй хүн улс төрийн амбиц ихтэй байдгийн илрэл ч байж болох юм.
Ардчилсан хүчний холбооны гишүүдийн уулзалтын төгсгөлд Ардчилсан хүчний холбооны гишүүн Спортын клубын тэргүүн Ч.Чимэд-Отгоноос зарим зүйлийг тодрууллаа.
-Ардчилсан хчний холбооны баяр ерөнхийдөө урлагийн тоглолт хэлбэрээр явагдлаа. Хэлэлцүүлэг нь хэзээ болсон бол?
-Хэлэлцүүлэг маань өчигдөр /нэгдүгээр сарын 30-ны өдөр/ өрнөсөн. Аймаг бүрийг төлөөлсөн гишүүд тулгамдаад байгаа асуудлуудынхаа талаар хэлэлцсэн дээ. Манай ардчилсан хүчний холбоо маань дотроо нилээд олон салбар клубуудтэй. Хөх сувд клуб гэхэд л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална. Хөгжил, явган аяллын, эрүүл мэндийн, спортын клуб, уул уурхайн клуб зэрэг олон клубууд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд бүх клубийнхэн энэ арга хэмжээнд оролцож байгаа.
-Ардчилсан хүчний холбоо олон клубтэй гэлээ. Тэгвэл эдгээр клубийн ажилд залуус хэрхэн оролцох боломжтой вэ?
-Бүх залуучуудад нээлттэй ажиладагаараа онцлог. Ардчилсан хүчний холбооны байр маань UB mart их дэлгүүрийн эсрэг талын Шонхор таурын таван давхарт байрладаг юм. Нам, улс төр, төрийн бус байгууллагуудын гишүүн байсан ч хамаагүй зөвхөн Монголоо шинэчлэх зорилгод нэгдэх хүн бүрт нээлттэй. Энэ л зорилгод нэгдэж байвал ямар ч намын гишүүн байсан хамаагүй, бид дуртайяа хүлээн авна гэлээ.
Дашрамд сануулахад Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан нар ажилладаг юм.
Э.ТЭКҮ