Шарапова 11 жилийн ялагдлыг зогсоож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Шарапова 11 жилийн ялагдлыг зогсоож чадах уу?

-Шарапова Серенаг хамгийн сүүлд 2004 онд шилдэг найман теннисчин оролцдог “WTA Championships” тэмцээний финалд хожиж байжээ.-

Талбайн теннисний энэ оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн" Мельбурн хотноо өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 40 сая австрали долларын шагналын сантай тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шигшээ тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.30-д эхлэх юм. Энэхүү тоглолтод АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар шалгараад байгаа билээ.

Тэмцээн эхлэхийн өмнө Австралид түрүүлнэ гэж амлаад байсан Серена Уильямсын хувьд Шараповаг хожвол “Их дуулга”-ын 19 дэх цомоо хүртэх юм. Тэрээр Австралийн нээлттэй тэмцээнд зургаа дахь удаагаа шалгараад байна. Харин өмнөх таван тоглолтод бүгдэд нь ялалт байгуулжээ.

Мөн зургаан тоглолт хийж, финалд шалгарахдаа хоёрдугаар тойрогт нутгийн теннисчин Пановад нэг гэм алдсаныг эс тооцвол Шараповагийн хувьд тус тэмцээнд бэлтгэл сайтай байгаагаа харуулаад байна. Тэрээр өнгөрсөн онд форм сайтай байж, “Францын нээлттэй тэмцээн”-д түрүүлж, “Их дуулга”-ын тав дахь цомоо хүртсэн юм. Харин Шарапова Серенаг хожиж чадвал 11 жилийн ялагдлаа зогсоож, улмаар “Их дуулга”-ын зургаа дахь цомоо хүртэнэ. Тэрээр 2008 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байжээ. Түүний хувьд тус тэмцээний дөрөв дэх финалын тоглолт юм.

Шарапова Серенаг хамгийн сүүлд 2004 онд шилдэг найман теннисчин оролцдог “WTA Championships” тэмцээний финалд хожиж байжээ. Харин түүнээс хойш тэд 15 удаа таарахад бүгдэд нь Серена хожиж байсан байна. Өнгөрсөн онд тэд хоёр ч удаа учраа таарахад ялалтыг дэлхийн манлай теннисчин л авч байж.

Одоо харин Шарапова 11 жилийн ялагдлыг зогсоох уу, Серена “Их дуулга”-ын 19 дэх цомоо өргөх үү гэдгийг харах л үлдлээ. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар 17.30 цагт эхлэх юм.

 

 

№1. Серена Уильямс: (Их дуулгын 18 түрүүт )

"Австралийн нээлттэй тэмцээн" – 2003, 2005, 2007, 2009, 2010

"Францын нээлттэй тэмцээн" – 2002, 2013

"Уимблдон" – 2002, 2003, 2009, 2010, 2012

"Америкийн нээлттэй тэмцээн" – 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014

 

№ 2. Мария Шарапова: (Их дуулгын 5 түрүүт)

"Австралийн нээлттэй тэмцээн" – 2008

"Францын нээлттэй тэмцээн" – 2012, 2014

"Уимблдон" – 2004

"Америкийн нээлттэй тэмцээн" -2006

 

Серена Уильямс – Мария Шарапова нарын тоглолтуудын дүн:

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж