Мөнгөн усаар хүмүүсийг хордуулсан Х.Аблайханыг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.31-нд нийтлэгдсэн

Мөнгөн усаар хүмүүсийг хордуулсан Х.Аблайханыг шалгаж эхэлжээ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын хоёр иргэн мөнгөн усанд хордсон хэрэг саяхан гарсан. Иргэн, 25 настай, эрэгтэй Е нь энэ сарын 17-ны өдрөөс толгой нь эргэн халуурч, нүдний угаар хүчтэй өвдөж, биеэр улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ. Өвчтөн өнгөрсөн оны 10 дугаар сард мал нядалж байх үедээ баруун гарын дунд хурууг гэмтээж эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байгаад гарсан байна. Эмчлүүлсэн  хуруундаа дахин гэмтэл учруулсан тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч өөрийн хүсэлтээр оточ гэгдэх Х.Аблайханд хандан гэрээр өдөрт хоёр удаа мөнгөн усны эмчилгээ хийлгэжээ. Эмчилгээ гурав хоног үргэлжилжээ. Гэсэн ч биеийн байдал нь улам дордон сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. 13 настай, эрэгтэй Н нь ахынхаа эмчилгээ хийлгэж байсан өрөөнд орж гарсан өдрөөс хойш бөөлжиж халууран, толгой нь өвдөж, бүх биеэр нь улаан тууралт гаран, хоолонд дургүй болж аюулхай, гэдсээр хүчтэй өвдөж сэхээний тасагт эмчлүүлж байгаад Улаанбаатарт хүргэгдсэн ирээд байгаа юм.  

Энэ хэргийн мөрөөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд нэгдүгээр сарын 21-ний өдөр оточ гэгдэх Х.Аблайханы гэрт очиж төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна. Х.Аблайхан нь 1985 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн, сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, 1992 онд нөхөн сэргээх эмчилгээний сувилагч мэргэжил эзэмшсэн үнэмлэхтэй байжээ. Тэрбээр мөнгөн усны эмчилгээ хийх аргыг удмаасаа өвлөн авсан хэмээн хариулсан байна. Сүүлийн 10 орчим жил эмчилгээ хийж байгаа гэжээ. Нэг сард дунджаар таван хүнд ясны идээт үрэвслийн эсрэг эмчилгээг мөнгөн ус ашиглан хийдэг гэнэ. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл, тэмдэглэл байхгүй байжээ.

Сувилагч мэргэжилтэй хэрнээ зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж хүний эрүүл мэндийг хохироосон, тодорхой хаяг, шошгогүй, гарал үүсэл, зориулалт нь тодорхой бус, хувь хүнээс авсан гэх мөнгөн ус, химийн бодис, тосоор эмчилгээ хийсэн тул Х.Аблайханыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд хандан батлагаагүй эм, эмнэлгийн бодис, химийн бодисноос болгоомжлохыг сануулж байна. ЭМСЯ-наас доох сэрэмжлүүлгийг гаргажээ.


Сэрэмжлүүлэгт:

Гэрийн нөхцөлд мөнгөн усыг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол нь таны болон танай гэр бүлийнхэн, эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Иймээс ард иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж, мөнгөн усны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

1. Мөнгө усанд өртсөн, мөнгөн ус асгарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн хүмүүсийг иртэл дараах арга хэмжээг авсан байх:

 – Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэнэ. 

 – Тухайн өрөөнд ажиллаж байгаа агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна. 

 – Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно. 

 – Мөнгөн усны уур өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсарыг даавуугаар чигжинэ. 

  – Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй. 

 – Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө. 

 – Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана. 

 – Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна. 

 – Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна. 

 – Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй. 

 2. Та болон танай хөрш айл, албан байгууллага мөнгөн устай ажиллаж буй сэжигтэй тохиолдол илэрвэл орон нутгийнхаа Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэы гэсэн байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж