“Түндэмүн” сауны өрөөнд солонгос иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол Улсын иргэнийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин халдаасан байж болзошгүй талаар хэвлэлээр мэдээлэл гарсан. Энэ хэргийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгасан бөгөөд солонгос, монгол хоёр залуу харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харилцаанд орсон гэх боловч “хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдал илрээгүй” байна. Харин ДОХ /БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас эдгээр 2 залууд шинжилгээ хийхэд БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж Монгол Улсын иргэнээс 3 удаагийн давтан шинжилгээгээр ХДХВ-ын халдвар илрээгүй байна. Иймд БНСУ-ын иргэнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
М.ЯЛАЛТ