“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амиа алдсан хэрэг энэ сарын 24-ны өдөр гарсан. Уг хэрэг гарсны дараа дуудлагын мөрөөр цагдаа нарыг очиход талийгаач өндрөөс унаж нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос хүн унасан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд аравдугаар сарын 24-ний 17.26 цагт ирсэн аж. Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн дагзны ар хэсэг 3х1 хэмжээтэй бяцарсан, нуруу их зулгарсан байжээ. Хэргийн газраас 47 кадр зураг, нэг ширхэг түлхүүр, I Phone-6 гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тухайн өдөр хэргийн газрын үзлэгт цагдаа, шүүх шинжилгээний байгууллагын дөрвөн хүн оролцож улмаар цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд /ШШҮХ/-д хүлээлгэн өгсөн байна.
Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж. Талийгаачийн ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзжээ. Мөн талийгаач Ч.Чамин-Эрдэнийн эмээ нь түүнийг бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй. Бүх шинжилгээг хийлгэнэ гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Талийгаачийн ээж Г.Чимгээ нь “Бидэнд охины маань цогцсыг харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь том ангайсан, царай нь цонхийсон байсан. Их айсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс зулгарсан, футболкны баруун мөрөн дээр толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан гэж харсан. Охиныг маань чирсэн гэж бодож байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа талийгаачтай салах ёс гүйцэтгэнэ гэдгээ мэдэгджээ.
Гэхдээ талийгаачийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх долоо хоногт гарна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ