Урт бууны дасгалд З.Батхуяг V байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Урт бууны дасгалд З.Батхуяг V байр эзлэв

-Кувейтийг зорьсон манай мэргэн буучдаас Азийн наадмын аварга, ОУХМ Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ.-

Кувейтийн Хааны нэрэмжит буудлагын Гранпри тэмцээн өнгөрөгч даваа гаригт (I.26) Кувейт хотод эхэлсэн билээ. Дэлхийн шилдэг буудагчид оролцдог тус тэмцээнд манай мэргэн буучид анх удаа оролцлоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр(I.30) явагдсан эмэгтэйчүүдийн 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд нийт 25 тамирчин цэц мэргээ сорьсноос ОУХМ З.Батхуяг 618,3 оноогоор V, ОУХМ Ч.Нарантуяа 614.6 оноогоор IX, ОУХМ Ч.Лхамсүрэн 606.9 оноогоор XX байрт тус тус шалгарлаа.


Тус тэмцээнд оролцсон манай мэргэн буучдаас Азийн наадмын аварга ОУХМ Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ. Тэрээр тэмцээний хоёр дахь өдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 м-н урт бууны дасгалд өрсөлдөж, медалийн тавцанд зогссон юм.

Манай бусад тамирчдын тухайд эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 32 тамирчнаас IX байрт, хийн гар бууны дасгалд XIII байр, залуучуудын 10 метрийн хийн урт бууны дасгалд Д.Лхагвасүрэн VII байр эзлэв.

Мөн өнгөрөгч лхагва гаригт болсон эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа III байраар финалдсан ч VII байрт эзэлсэн юм. Гурван байдлаас буудах дасгалд ОУХМ Ч.Нарантуяа V байраар шигшээ буудлагад шалгарсан ч VI байрыг эзлэв. 

Дэлхийн шилдэг мэргэн буучид оролцсон тус тэмцээнд манай улсын багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Олон улсын хэмжээний мастер Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын шилдгүүд багтсан.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж