УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ.
Энэ хуулийн зорилт нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг санаачлан боловсруулах, түүнд эрх зүйн магадлан шалгалт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.
Төсөлтэй холбоотойгоор гишүүн Ө.Баярсайхан “Хууль санаачлагч засгийн газраас санал авдаг. Засгийн газар бололцоогүй гэх хариу өгдөг ч төслийг өргөн барьдаг. Уг нь засгийн газраас боломжгүй гэх хариу өгсөн бол өргөн барихыг нь болиулдаг байх хэрэгтэй. Зарим хууль ямар ч тооцоо судалгаагүй байдаг. Заримынх нь хувьд итгэл үнэмшил төрөхөөргүй судалгааны дүнтэй байдаг” гэв.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав үүнд “Хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв мөнгө байхгүй, цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй” гэх хоёр үндэслэлээр Засгийн газар боломжгүй гэсэн бол үнэхээр УИХ-аар хэлэлцээд байх шаардлагагүй гэж яригдаж байсан. Ийм зохицуулалт бүхий санал орж ирвэл дэмжиж байгаа” гэсэн юм.
Уг хуулийн төслийн дагуу хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг дараах үе шаттайгаар зохион байгуулах аж.
Нэгд, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах
Хоёрт, үзэл баримтлалын төслийг боловсруулж батлах;
Гуравт, хууль тогтоомжийн төслийг боловсруулах;
Дөрөвт, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог хийх;
Тавд, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах;
Зургаад, холбогдох төрийн болон мэргэжлийн бусад байгууллагын саналыг авах;
Долоод, төсөлд эрх зүйн магадлан шалгалт хийх эрх бүхий этгээдээс санал, дүгнэлт авах;
Наймд, хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;
Есдүгээрт, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж байгаа аж.
Б.ЭНХ