Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Уг хуулийн агуулгыг илэрхийлэх дараах заалтуудыг тойрсон хэлэлцүүлэг үргэлжилж буй бөгөөд уг үйлчилгээний аюулгүй байдал, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх баталгааны талаар голчлон яригдаж байсан юм.
Төсөлд тусгасан зарим зохицуулалтаас онцолбол,
-Хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдана.
-Байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх.
-Хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах, гэрт зохион байгуулах тохиолдолд гал тогооны тусдаа гэртэй байх
-Гадаа бие засах газар ашиглах тохиолдолд хүүхдэд осол, гэмтэлгүй байх, эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцлийг хангасан байх
-Байр, гэр ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй тохиолдолд тэдгээрт хүүхэд ойртохооргүй тусгаарлах хаалтыг хийсэн байх
-Хүүхэд харах төвийн нэг хүүхдэд ногдох ашигтай талбай хоёр метр кв-аас доошгүй байна.
-Хүүхэд харах нэг төвд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар нь 20-иос илүүгүй байна.
-Хүүхэд харах төвийн ажлын цаг нь өдөрт 12 цагаас илүүгүй байна.
-Хүүхэд харах төв нь өглөө, өдөр хоёр удаагийн халуун хоол, үдийн өмнөх, үдийн хойшхи хоёр удаагийн цайны үйлчилгээтэй байна.
-Хүн, айл амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно.
-Хүүхэд харах төвийн байр, гэрт эрх бүхий этгээдээс өөр бусад гадны хүн нэвтрэхийг хориглоно.
-Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах хүүхэд харах төвийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үүсгэн байгуулна.
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхтусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно” гэх зэрэг заалтуудтай аж.
Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийг төлөөлөн Л.Эрдэнэчимэг гишүүн тайлбар хийж буй бол С.Дэмбэрэл “санхүүжилтийн зарчим нь юу байх, төрөл хэлбэр, эх үүсвэр нь юу байх гээд тодорхой болгох асуудал байна. Мини цэцэрлэг гэж яриад байдаг. Гэтэл энэ нь хуульд алга. Зээ хүүгээ хүнээр харуулдаг. Би үүнийг хүүхэд харуулах үйлчилгээ гэж ойлгодог. Ажлын байр ихээр бий болгоно гэж хөнгөмсөг хандаж болохгүй. Ашгийн бус гэх юм, гэтэл ашгийн бус юм бол аж ахуй нэгжүүд яаж оролцох юм”.
УИХ-ын дарга З.Энхболд “60 мянган хүүхдийн хэд нь хордоод, ямар өрөнд улс орохыг таах арга алга. Хуулийн төслийг явуулмаар байгаа ч нэг л явж өгөхөөргүй байна даа”, Л.Цог гишүүн “хууль гарах гэхээр зохицуулалт нь ойлгогдохгүй байна. Нэгд буяны байгууллаг шиг төсвөөс санхүүжилт авах нь, гэтэл ашгийн бус гээд байна” гэсэн юм. Харин гишүүн С.Ганбаатар “Бид стандарт ярьсаар байх хооронд 100,000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хэвээр байна. Бид энэ асуудлыг шийдэх гэж л хуулийн төсөл оруулж ирсэн. Эцэг эхчүүд хариуцлага үүрч гэрээ хийж оролцоно гээд хуулийн төсөлд байгаа шүү дээ” гэсэн юм.
Ийнхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор шүүмж өрнөж, тодруулах шаардлагатай зүйлс багагүй байна гэж үзсэн тул ажлын хэсгээс горимын санал гаргахаар болж гишүүн Л.Эрдэнэчимэг “нэгдүгээр хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд гишүүдийн саналыг тусган дахин оруулж ирэх саналтай байна” хэмээсэн юм. Уг санал ёсоор анхны хэлэлцүүлэг дэх зарчмын зөрүүтэй саналын талаарх санал хураалтыг зогсоож, дахин ажлын хэсгийнхэн төсөл дээрээ сууцгаахаар болсон байна.
Б.ЭНХ