Хүүхэд харах үйлчилгээг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баян-Сэлэнгэ, С.Ганбаатар нарын нэр бүхий гишүүдээс хүүхэд харах үйлчилгээг бий болгохтой холбогдуулан санаачилсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй уялдаж буй аж.

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь, нийслэлд  74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгийн хүчин чадал өнгөрсөн жилийн байдлаар 100,3 мянга байгаагаас ашиглалт 133,2 хувь, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадал 31,4 мянга байгаагаас ашиглалт 136,3 хувьтай байна.

Мөн сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, насанд хүрсэн хүний хамгаалалтгүй орхисноор гэрт үлдсэн хүүхдүүд бэртэж гэмтэх, гал түймэрт өртөх, осолдох, эндэх нь нэмэгдэх хандлагатай байгаа нь хууль санаачлах үндэслэл болж буй аж.

Хөгжингүй орнуудад хүүхдийг асран хамгаалах, хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэх, суралцах бололцоог хангахад чиглэгдсэн хүүхэд харах үйлчилгээ (Child care)-ний нийгмийн үйлчилгээг бий болгон амжилттай хэрэгжүүлдэг бөгөөд манай орны хувьд “Хүүхэд харах үйлчилгээ”-г бага насны хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагч үзжээ.

Хуулийн төсөлд хүүхэд харах үйлчилгээ гэдгийг хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах, хөгжүүлэх цогц үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон. Иймд хүүхэд харах үйлчилгээний асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар төсөлд тусгаж. Мөн хуулийн төсөлд “хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байрыг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана” “Хүн, айл амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно”, “Хүүхэд харах төвийн байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс өөр аливаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг тусгасан байна.

Урьдчилан тооцоолж буйгаар уг үйлчилгээнд улсын төсвөөс хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулийн төсөлд тусгасан. Хэрэв хүүхэд харах үйлчилгээнийн тухай хууль батлагдвал нэг хүүхдэд нэг сард хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдох гэнэ. Энэхүү үйлчилгээг сургуулийн өмнөх боловсролд 2014-2015 онд хамрагдаж чадахгүй байх магадлалтай 52300 мянган хүүхдийг бүрэн хэмжээгээр хамруулна гэж тооцвол 2015 онд 54.4 тэрбум төгрөг шаардагдах аж.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж