Монгол улсын 3 сая дахь иргэн болоод түүний чацуутнуудыг энэ сарын 28-ны өдөр зарласан. Энэ дагуу аймгийн удирдлагууд 3 сая дахь иргэний чацуутнаар тодорсон охин болоод түүний гэр бүлд баяр хүргэлээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өдөр Эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн Монголжин охинийг Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын 3 сая дахь иргэнээр тодруулсан билээ. Түүний чацуутнаар 181 хүүхдийг тодруулсан байна. Баянхонгор аймагт 3 сая дахь иргэний 7 чацуутан мэндэлсэн бөгөөд 6 охин, 1 хүү байна. Эндээс Монгол улсын 3 сая дахь иргэний хамгийн ойр төрсөн эцэг Алтансүхийн Самдандорж, эх Эрдэнэ-Очирын Нямсүрэн нарын гэр бүлд мэндэлсэн Аялгуу охиныг тодруулжээ. Иймд аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нар Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутанг алдаршуулсан юм.
Аялгуу охины эцэг Алтансүхийн Самдандорж нь Монгол улсын их сургуулийн Статистикийн 3 дугаар ангид сурдаг, эх Эрдэнэ-Очирын Нямсүрэн нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар ангид сурдаг байна.
Аялгуу охины эцэг Самдандорж нь Бууцагаан сумын харьяат, эх Нямсүрэн нь Баян-Овоо сумын харьяат. Аялгуу охиныг 3 сая дахь иргэний чацуутнаар тодорсонд гэр бүлийнхэн нь баяртай байсан юм.
Монгол улсын 1 сая дахь иргэн 1962 оны 2 дугаар сард мэндэлж байсан бол 2 сая дахь иргэн 1988 оны 7 дугаар сард мэндэлж байжээ. Харин Монгол улсын 3 сая дахь иргэн болоод түүний чацуутнууд нь 2015 оны 1 дүгээр сарын 24-нд төрсөн бөгөөд Улаанбаатар хот төдийгүй аймаг бүрт 3 сая дахь иргэнийг алдаршуулах ажлыг зохион байгуулж байна. Монгол улсад шинэ хүн өдөр, цагаар өсөн мэндэлж, Монгол улсын хүн ам 3 саяаар тоологдох боллоо.
Монголын үрс маш олон болтугай!
Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn