Нийтийн сонсголын тухай хуулийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Нийтийн сонсголын тухай хуулийг дэмжив

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн 61.1 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Одоо чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү хуулийн төслийг мөн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан юм.

Хуулийн төсөл нь  2 наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулахад чиглэжээ. Хүүхэд харах үйлчилгээг албан ёсны стандартад суурилсан боловсрол, сургалтын бус хүүхдийн эрхийг хамгаалж, хөгжлийг дэмжсэн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ байна гэсэн үзэл баримтлалаар хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн хүүхэд харах үйлчилгээний асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар заажээ.

Түүнчлэн “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байрыг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана” “Хүн, айл амьдарч байгаа өрхийн орон сууц, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахыг хориглоно”, “Хүүхэд харах төвийн байр, гэрт хүүхэд харах үйлчилгээнээс өөр аливаа үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн зохицуулалтуудыг тусгасан байна.

Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, аюулгүй байх нөхцлийг хангах зарчим нь хуулийн төслийг боловсруулах үзэл баримтлалын суурь зарчим болж байгаа бөгөөд хуулийн төсөлд энэхүү зарчмыг хангах холбогдох зохицуулалтыг тусгаж өгчээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж