Alibaba-гийн санхүүгийн анхны тайлан нь хувьцааг нь унагав

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Alibaba-гийн санхүүгийн анхны тайлан нь хувьцааг нь унагав

Фото: STR / AFP

Хятадын Alibaba Group Holdings интернет-компанийн  биржид амжилттай гарсныхаа дараах анхны санхүүгийн тайлан нь зах зээлийн урмыг хугалав. Үүний улмаас  түүний хувьцааны үнэ 10 хувиар буурлаа. Нью-Йоркийн биржийн арилжааны  дүн үүнийг харуулж байна.

Цахим арилжааны томоохон гэгдэх Alibaba компани  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр төгсгөл болсон санхүүгийн жилийн гуравдугаар улиралд  ашиг нь 40 хувиар нэмэгдэн 4,22 тэрбум доллар болсныг  тайландаа бичжээ. Шинжээчид  4,45 тэрбум долларын өсөлт гарна гэж хэлж байсан юм. Компанийн цэвэр орлого 28 хувиар унан 946 сая доллар  хүрсэн байлаа.

Тайлангийн дараа компанийн хувьцааны үнэ 10 орчим хувиар унан нэг хувьцаа нь 88,75 доллараар үнэлэгдэв. Хувьцааны үнийн уналт нь зах зээлийн хөрөнгөжилтийн 25 тэрбум орчим долларын гарз дагуулжээ.

Гол хэдэн үзүүлэлтийн өсөлтийг Alibaba мэдээлсэн ч тэр нь хөрөнгө оруулагч нарт нөлөөлсөнгүйг шинжээчид хэлж байна. "Хятадад онлайн-талбарын худалдааны  ерөнхий хэмжээ  өнгөрсөн оны мөн үеийнхээс 49 хувиар өссөн байна. Идэвхтэй худалдан авагчдын тоо 334 сая болон 45 хувиар нэмэгдлээ. Шуурхай холбооны төхөөрөмжийн худалдааны  орлого улиралд нэг тэрбум доллараас давсан » гэж Alibaba-гийн ерөнхий захирал Жонатан Лу хэлсэн байв. Гурван сарын дотор Alibaba сайтаар худалдагдсан барааны нийт хэмжээ 127 тэрбум доллар байжээ.

2014 оны есдүгээр сард Alibaba Нью-Йоркийн бирж дээр амжилттай IPO хийж 25 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байлаа. Өнөөдрийн байдлаар компанийн хөрөнгөжилт 245 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Компанийн брэндийг 60 тэрбум доллараар үнэлсэн нь Хятадын компаниудаас хоёрдугаарт бичигдэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж