АН орон нутагт хагаралдаж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

АН орон нутагт хагаралдаж эхлэв үү?

Ардчилсан нам Засгийн газраа унагаснаасаа хойш ухаажсан дүр эсгэж байгаа ч угтаа бол яг хэвээрээ гэдгийг батлахуйц үйл явц орон нутаг, дүүрэгт өрнөж байна.

Учир юу вэ гэвэл, сүүлийн хоёр ч удаагийн сонгуульд бүх шатандаа дараалан ялалт байгуулж, Ардчилсан намын цэнхэр тугийг нийслэлд цор ганцаар өргөж яваа Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхан дотроо дайтаад эхэлжээ. Гэхдээ Засаг даргын төлөөх тэмцэл нь тус намынхан дүүрэгт олонхи болсноос хойш салаагүй ч энэ удаад өөрсдөө дотроо хуйвалдацгаажээ.

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг өөрөө энэхүү хуйвалдааныг манлайлан удирдаж, хорыг хутгалцаж яваа гэх мэдээлэл байна. Тэдний сценари болох Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах бичигт ИТХ дахь Ардчилсан намын 29 гишүүний 13 нь дэмжсэн гарын үсэг зураад байгаа юм байна. Хан-Уул дүүргийн ИТХ-ын нийт 35 гишүүний 29 нь буюу олонх нь Ардчилсан намын гишүүд бол дөрөв нь МАН-ын гишүүн, хоёр нь МАХН-ын гишүүн аж.  Энэ удаад дүүргээ ганхуулах, тэр тусмаа нийслэл дэх ганц гайгүй яваа түшиц газраараа оролдох нь “Ардчилсан намын эрх ашигт нийцэхгүй” гэдэг байр сууринд дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын олонх гишүүд зогсч байгаа аж. Тийм учраас Д.Батбилэг нар МАН, МАХН-ын гишүүдийн дэмжлэгийг авах замаар Засаг даргыг огцруулах асуудлаар ИТХ-д олонх буюу саналын харьцаа 13+6 болно гэж тооцжээ. Өчигдөр дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ирэх пүрэв гаригт ИТХ-ын чуулган хуралдуулан Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. Дүүргийн намын дарга нь өөрийнхөө намыг унагахаар ийнхүү ажиллаж байгааг эсэргүүцсэн Ардчилсан намын гишүүд намын дээд шатны байгууллага, удирдлагадаа хандах гэхээр дүүргийн Ардчилсан намын дарга нь өмнө нь хөндөлсчихөөд Зохицуулах зөвлөлийн хурлыг хуралдуулахгүй байгаа юм байна.

Сонгуулийн өмнөх жилд Ардчилсан намын Засгийн газрыг унагахаас эхэлсэн энэхүү хуйвалдаан одоо орон нутаг дахь хөлийг нь хөрөөдөх үйл явцаар үргэлжлэх нь тодорхой боллоо. Ганц Хан-Уул дүүрэгт төдийгүй зургаан дүүрэгт эрх мэдэл авах амбицтай гэх энэ хуйвалдааны ард нэлээн хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн байгаа бололтой.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж