Цахим дугаар олголтыг ТЕГ байнга хянаж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Цахим дугаар олголтыг ТЕГ байнга хянаж байгаа гэв

Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз хүссэн өргөдлийг энэ сарын 26-наас авч эхэлсэн. Зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг ямар нэгэн маапаан, маргаангүй олгох үүднээс өргөдлийг нарийн нууцлал бүхий систем, өндөр үнэ бүхий төхөөрөмж ашиглан өдөрт 30 өргөдлийг цахимаар авна гэж мэдэгдсэн. Гэвч өргөдөл олгож эхэлсэн эхний өдрөөс л системд багагүй алдаа гарч, компаниудад хардлага төрүүлээд байна. Өнөөдөр/01.30/-ийн өргөдлийн дугаар олголтод мөн системийн алдаа үүссэн гэх нэрийдлээр амжилттай бүртгүүлсэн 30 компанийн эрхийг тодорхой хугацааны дараа цуцалсан байна. Иймээс лиценз олгогчид АМГ-ын газрын үүдэнд цуглан, тус газарт өргөдөл гарган гомдолтой байгаагаа илэрхийлж байсан юм. Лиценз хүсэгчдэд АМГ-аас ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд тус удирдлагууд өглөөнөөс хойш ажлын байран дээрээ ирэхгүй байна гэж байсан юм. Бүртгэлд оролцож байгаа компаниуд “Бүртгэлийн систем нь ч нээгдээгүй ачааллаж байх 10-20 секундын хооронд хэдийнэ 30 компани бүртгүүлчихсэн байна билээ. Систем нь өөрөө нээгдээгүй байхад ингэж байгаа нь цаанаа “но”-той” хэмээн хардаж буйгаа илэрхийлсэн. Нэрээ нуусан эх сурвалжийн хэлснээр цахим системд өөр аргаар бүртгүүлээд байгааг албаныхан мэдсэн учир өнөөдөр цахим дугаар олголтоор бүртгүүлсэн 30 компанийн эрхийг цуцалсан гэх.

Тиймээс лиценз олголтод үүсээд байгаа нөхцөл байдлыг АМГ-ын дарга Д.Үүрийнтуяагаас тодруулаа.

-Хайгуулын лиценз хүсэгчдийн өргөдлийг бүртгэхэд өнөөдөр асуудал үүсч, дугааруудыг цуцалсан байна. Ямар алдаа гарсан бэ?

-Системд өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор өнөөдөр өргөдлийн дугаар олгодоогүй, код өгөгдөөгүй. Тиймээс ирэх мягмар гаригт лиценз хүсэгчдийг бүртгэж эхэлнэ. Ер нь бол шинэ юм чинь алдаа оноо гарна шүү дээ.

-Бүртгэл эхэлсэн анхны өдөр систем тасарснаас багагүй гомдол гарсан. Гэтэл дараагийн өдөр нэг компани хоёр дугаар авсан асуудал гарсан шүү дээ. Харин өнөөдөр бүртгүүлсэн иргэдийг дугаарыг цуцаллаа. Энэ бүхэн юунаас шалтгаалж байна вэ. Олон нийтийн дунд цахим системд хэн нэгэн нэвтрээд байгаа юм биш биз гэсэн хардлага төрөх боллоо?

-Эхний өдөр бол бүх аж ахуй нэгжүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын программд холбогдож бүртгэлээ хийлгэсэн. Туршилт хийгдэхгүйгээр аж ахуй нэгжүүд маань энэ программд шууд хандаж, ажиллаж эхэлж байгаа болохоор асуудлууд үүсч байж магадгүй.

-Системд нэвтрэх эрхийг долоон хоногийн хугацаанд 500 мянган төгрөгөөр, сарын хугацаанд нэвтрэх эрхийг хоёр сая төгрөгөөр авсан. Тиймээс компаниуд хохирч байна гэсэн үг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нэвтрэх эрхийг нь сунгаад шийдэх боломжтой.

-Системийг хэдэн төгрөгөөр бичүүлсэн бэ?

-Төрийн захиргаанаас энэ талаар мэдээлэл өгөх байх.

-Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газар, Авлигатай тэмцэх газраас АМГ-т ажилласан талаар мэдээлэл гарсан. Ямар зорилготой байсан юм бол?

-Тагнуулын ерөнхий газраас төрийн нууцтай холбоотойгоор манайд хяналт хийсэн байгаа. Энэ системийг анх хөгжүүлсэн цагаас Тагнуулын ерөнхий газраар аудит хийлгүүлж, тус газар хяналт байнга тавьж байгаа.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж