Монголжин охины төрсөн өдөр 99 нь хүү, 81 нь охин мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.30-нд нийтлэгдсэн

Монголжин охины төрсөн өдөр 99 нь хүү, 81 нь охин мэндэлжээ

Шинэ оны эхэн буюу 2015 оны 1 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Монгол Улс гурван сая иргэнтэй болсон билээ. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг ээн бэлгэшээн ярьдаг.

Энэ өдөр Монгол Улсын хувьд гурван сая иргэнтэй болсон түүхэн өдөр байсан бол Эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч, мэргэжилтнүүдийн хувьд ажлын нэгэн өдрийнхөө бүтээлийг харах боломжийг олгосон өдөр байлаа.

Монгол Улсын “Гурван сая” дахь иргэнээр Өмнөговь аймгийн иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин мэндэлж түүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэрийг хайрласан билээ. Х.Монголжин охины мэндэлсэн өдөр 180 хүүхэд эх орон, ижий аавыгаа баярлуулан төрсөн бөгөөд тэдний 99 нь хүү, 81 нь охин байв.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 31, нийслэлийн “Өргөө” амаржих газарт 24, “Хүрээ” амаржих газарт долоо, “Амгалан” амаржих газарт 15, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хоёр, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд тав, хөдөө орон нутагт 94 хүүхэд төрснөөс Дархан-Уул аймагт ес, Орхон аймагт ес, Увс, Ховд, Архангай, Өвөрхангай аймагт тус бүр найман хүүхэд төрсөн байна. Мөн хилийн чанадад гурван хүүхэд төрсөн байна.

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, АНУ-д хоёр ихэр хүүхэд төрсөн нь Монгол Улс улам олуулаа болохын бэлгэдэл боллоо. Монголын үрс эрүүл энх өсч бойжих болтугай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж