АНУ-д амьдарч буй монголчууд уламжлал ёсоор Сан Франциско хотын Голден Гейт Паркт өнгөрсөн бямба гаригт баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэхүү баярт Монгол улсын ардын жүжигчин дуучин А.Долгор, ардын язгуур урлаг “Хөх тэнгэр”, эстрадын “ Хөх монгол” хамтлаг, хүүхдийн гэр төвийн бүжгийн хамтлаг, уртын дуучид, ардын цөөхүүл хөгжимчид, морин хуурчид оролцон уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьсан байна. Мөн Үндэсний бөхийн аймаг цэргийн цолтой 32 бөх зодоглож шагайн харваа, олс таталт, хүүхдийн дааганы уралдааныг зохион явуулжээ. Тус баярын үеэр баяр наадмыг зохион байгуулах хорооноос хуушуур, бууз, шорлог хийж наадамчин олондоо үйлчилсэн байна. Дашрамд дуулгахад тус наадмыг АНУ дахь монголчууд 13 дахь жилдээ зохион байгуулж буй гэнэ.
Н.Түвшин