“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчийн нэг Норовсамбуугийн Гансүх. Хүний их эмч мэргэжилтэй мөн хуульч болохоор суралцаж яваа тэрбээр тус төсөлд эрүүл мэндийн мэдээллийг цахим үнэмлэхэд багтааж эмнэлгийн үйлчилгээг сайжруулах төсөл шийдлээрээ шалгарсан. “Грандмед” эмнэлгийн Үений мэс заслын тасагт эмч ажилтай.
-Зорилтот тв төсөлд оролцохоор хандсан шалтгаан юу байв. Эндээс яриагаа эхэлье?
-Би монгол хүний эрүүл мэнд ямар үнэтэй вэ, эрүүл мэндийн үнэ цэнийг бид ойлгож байна уу, та эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг уу гэсэн гурван асултыг сайд дарга нараас асуумаар санагддаг. Учир нь манай эрүүл мэндийн салбар дэлхийн хөгжлөөс маш олон жилээр хоцорч явна. Дөнгөж төрсөн хүүхэд хорт хавдараар өвчилнө. Бид хорт утаан дунд амьдарч байна. Наад захын жишээ энэ. Нөгөө талаас энэ салбарт хандуулах анхаарал маш тааруу учраас эмч эмнэлгийн ажилтаны амьдрал ямар ч баталгаагүй байна. Эрүүл мэндийн салбарыг сайдын сэтэрт дуртай хэн ч хамаагүй хийдэг. Батлан хамгаалахын салбарыг дуучин, эрүүл мэндийн салбарыг бөх удирдахад гайхах юм алга. Би Монгол Улсын иргэн, залуу боловсон хүчний хувьд үүнд маш их эмзэглэдэг. Мөрөөрөө ажлаа хийгээд л эсвэл амиа бодоод гадаадад ажиллаж явж болно. Гэвч чаддаггүй. Тийм учраас энэ асуудлыг бага ч гэсэн нааштай шийдэл хайж “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцохоор шийдсэн.
-Та салбартаа хэд дэх жилдээ ажиллаж байна?
-Эмчийн мэргэжлийг их урт хугацаанд эзэмшдэг. АУИС-д зургаан жил суралцаад хоёр жил ажиллана. Дахиад хоёр жил мэргэшүүлнэ. Нэг жил ажиллаад төрөлжсөн нарийн мэргэжлээр дахин суралцдаг гээд нийтдээ арваас дээш жилээр суралцдаг. Би одоо арав дахь жилдээ ажиллаад суралцаад явж байна. БНХАУ-ын АУИС-ийг онц дүнтэй төгсөж магистрын тэтгэлэгээр шагнуулсан ч цааш суралцахгүй эх орондоо ирсэн. Ирэнгүүтээ эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэг санаачлан бэлтгэж эхэлсэн. Иргэдийг эрүүл мэнддээ анхаарах байдал сайжирна гэж тооцоолсон юм. Оюутан байхдаа ӨМӨЗО-ны Одон телевизийн “Амьдралын хань” нэвтрүүлгийн туслах хөтлөгчөөр хоёр сар гаруй ажилласан нь муугүй туршлага болж байлаа. Ингээд ЭКО телевизээр бүтэн жилийн хугацаанд дугаар бүрээр нэг өвчнийг сонгон авч эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоо биелүүлсэн. Дараа нь эрүүл мэндийн яамнаас хийдэг эрүүл мэндийн бодлогын асуудлыг тусгасан “Эрүүл оршихуй” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан.
-Эрүүл мэндийн салбарын хамгийн доголдолтой шийдлээ хүлээсэн асуудлуудад та ямар гарц олж харж байна вэ?
-Манай залуус Оксфорд, Харвард төгсөж ирдэг. Хаана ч төгссөн эх орондоо ирээд эрхийн лицензийн шалгалт өгч тодорхой хугацаанд эрх авч ажиллана. Монгол эмч өвчтөнтэйгөө монголоор ярилцаж англиар ном уншаад оросоор оношоо тавина. Бодлогын хувьд салбар үнэхээр хүнд байна. Би оюутан байхдаа олон хүнийг эмнэлгээр үзүүлж явлаа. Тэд бүгд Монголд эмчлэх боломжгүй гэсэн ганцхан шалтгаантай. Хамаатан саднаасаа мөнгө цуглуулж байраа барьцаанд тавиад ирдэг. Баян чинээлэг хүмүүс онгоцоор Япон Солонгосыг зорьдог. Нэг хэсэг нь мөнгө цуглуулаад БНХАУ-ыг зорино. Үлдсэн хэсэг нь Монголдоо хүндрээд өнгөрдөг. Хатгаа тусаад бичиг баримтгүй учраас хүндрүүлээд нас барах тохолдол ч бий. Тийм учраас эрүүл мэндийн салбар тогтвортой бөгөөд шинэ шатанд гарч хөгжих хэрэгтэй. Сүүлийн хориод жил Монголд Үндэсний хэмжээний улсын клиник эмнэлэг баригдсангүй. Энд эрүүл мэндийн салбарыг хувьчлах бус зохицуулах шаардлага үүсээд олон жил боллоо. Зөвхөн эрүүл мэндийн даатгалд маш их зохицуулалт дутагдаж байна. Үүний хажуугаар иргэд өөрсдөө эрүүл мэндийнхээ төлөө анхаардаг, эрсдэлээс хамгаалах мөнгө хуримтлуулж сурах нь чухал. Манайд дэлхийн стандартад нийцсэн шаардлагатай эмчилгээгээ насан туршид авч чадахуйц даатгалын систем байх хэрэгтэй.
-Таны боловсруулсан шийдэл эдгээр асуудлуудад нөлөөлж чадах уу?
-Миний шийдэл бол цахим иргэний үнэмлэх дээр эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлэх. Үүний үр дүнд бид аливаа өвчнийг эрт оношлох эсвэл урьдчилан сэргийлэх боломж нээгдэнэ. Зөв зохион байгуулалт хийснээр өнөөдөр ард иргэддээ хангалттай хүрэхгүй байгаа эмнэлэгийн үйлчилгээг сайжруулж болно. Дээрээс нь энэ салбарыг гадны санхүүжилтээр дэмжиж болно. Энд ажиллах хүний нөөц сайн байх хэрэгтэй байна.
-Таны энэ дэвшүүлсэн шийдэлд хэдий хэр хөрөнгө хугацаа шаардагдах бол. Мэдээж судалгаатай байх?
-Дэлхий даяар ийм төрлийн олон янзын систем байна. Энэ программууд өндөр өртөгтэй ч үе шаттайгаар хэрэгжүүлж болно. Бас их энгийн асуудлыг шийдээд эхэлж болно. Наад зах нь цусны шинжилгээний дүнг оруулчихъя. Үүнийгээ гадаад руу интернетээр илгээчихнэ, түргэний эмч нар ашиглана. Яаралтай аврах шаардлагатай үед тэр хүний мэдээллийг бүрэн харчихна. Хэддүгээр бүлгийн цустай, юунаас харшилдаг, ямар эмнэлэгт үзүүлж байсан гээд л. Ингээд үе шатаар ахиулаад байвал нэг л мэдэхэд төгс хэрэгжчихнэ. Энд яг тийм хугацаанд тэдэн төгрөгөөр гэж ярихад учир дутагдалтай.
-Та ирээдүйд улс төрч болох уу?
-Эмч хүн насан туршдаа эмчээрээ байдаг. Залуу хүн зорилготой бол эх орон ирээдүйтэй гэдэг. Зорилго тодорхой бол зам тууштай байдаг. Би ирээдүйд эрүүл мэндийн сайд болно гэж боддог. Салбартаа ихийг хийж бүтээх өөрчлөх тэр хүсэл бодол миний тархинд хадагдсан юмшиг санагддаг. Салбарынхаа сайд болох хүсэл зорилгоо хэнээс ч нуухгүй хэлнэ.
-Төслийн шилдэг 30 оролцогчийн нэг болж чадлаа. Төслийн үр дүнг хэрхэн харж байна?
-Би зөвхөн телевизийн төсөл гэж харахгүй байгаа. Энд 1700 залуу эсээ бичсэн шүү дээ. Биднийг төслийн шилдэг оролцогчид гэхээсээ шинэ үе гэж хараасай. 1990 оны ардчилсан хувьсгалаар эрх чөлөөгөө олж авсан хэмээн бахархдаг. Тэгвэл 1990 онд төрсөн залуус өнөөдөр 25 нас хүрч дэлхийн томоохон сургуулиудад боловсрол эзэмшээд ирчихсэн эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовиноод явж байна. Энэ төслийг хараад залуус эх орныхоо ирэдүйн талаар санаа зовдог болж байна. Үр өгөөж их, үйлс зорилго том төсөл. Ямар мундаг залуус төсөлд оролцож байгааг харахад сэтгэл хангалуун байдаг.
-Та үеийнхнийхээ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Шүүмжлэхээсээ илүү бид нэгдэх ёстой, хөгжих хэрэгтэй. Бид шүүмжилж гомдолж ярих бус бодлого шийдэл ярьдаг хэрэгжүүлдэг байх ёстой.
-Өөрийгөө бодлого тодорхойлох хэмжээнд сайтар бэлтгэгдсэн гэж үзэж байна уу?
-Би үүний төлөө хөгжиж яваа залуу хүн.
-Амжилт хүсье.
Эх сурвалж: www.manlailagch.mn