Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөөс хойш цуврал тэмцээнүүд үргэлжилж байна. Узбекистаны Ташкент хотод өчигдөр жүдо бөхийн гран-при тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд 47 орны 352 (эрэгтэй 201, эмэгтэй 151) жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн медальтнууд тодров.
Манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин өрсөлдөж байгаагаас өчигдөр нэг бөх медальд хүрсэн бол гурван бөх шагналт байранд шалгарлаа. Бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болдбаатар алтан медаль хүртсэн бол 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх нар шагналт тавдугаар байр, 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой шагналт долдугаар байр эзлэв.
60 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар Азарбайжан, Киргызстан, Узбекистаны бөхчүүдийг ялж, финалд үлдсэн юм. Тэрбээр олимп, ДАШТ-ий хүрэл медальт Урозбоевийг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө цэвэр ялж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
Энэ жил 31 настай Г.Болдбаатар гавьяатын хувьд 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2017 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр чансаа өндөр тэмцээний нэг болох Узбекистаны Ташкентын гранприд түрүүллээ.
Тэмцээний эхний өдөр 13 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Косово улс хоёр алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Герман, Словани, Монгол улс нэг аваргатай болжээ. Тэмцээнийг зохион байгуулагч узбекистанууд хоёр мөнгө, нэг хүрэл медалийг авсан байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай бөхчүүдээс 73 кг-д С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, эмэгтэй 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана.
Холбоотой мэдээ