Сар бүр түрээс төлбөр төлж явсаар 15 жилийн дараа орон сууцанд орох бололцоог "Түрээсийн орон сууц" хөтөлбөр олгож буй. Урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулсан уг хөтөлбөр нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэсэн, цаг үеэ олсон чухал алхмын нэг болсон билээ.
Нийслэлийн орон сууцны корпорацийн зүгээс Улаанбаатар хотод долоон байршилд түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн. Эдгээрээс дөрвөн байршилд түрээсийн орон сууцны барилгын ажлыг энэ онд багтаан эхлүүлэх юм. Тухайлбал, Буянт-Ухаа” спорт цогцолбор орчимд, Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын Комбинат орчимд таван га газарт 1006 айлын, Баянголын аманд 2000 айлын, Сүхбаатар дүүргийн дол дугаар хороо, “Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууц барихаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Ямар нэгэн саадгүй, иргэд нь газраа чөлөөлсөн гэж холбогдох албаны хүмүүс хэлж байв. Цаашлаад Морингийн даваанд 29 га, Улиастайн аманд 107 га, Био, Сонгино болон авто худалдааны төв орчмын 11 га-д түрээсийн орон сууц барихаар ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа юм.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар зорилт тавьсан билээ.
Холбоотой мэдээ