Түүхэнд бичигдэх амжилтуудаар дүүрэн сонгууль боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Түүхэнд бичигдэх амжилтуудаар дүүрэн сонгууль боллоо

Түүхэнд бичигдэх амжилтуудаар дүүрэн сонгууль боллоо

АНУ-ын Конгрессын эрх барих болон Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг хянах намыг тодорхойлох завсрын сонгууль болж өндөрлөлөө. Завсрын сонгуулиар АНУ-ын конгрессын доод танхимын гишүүдийг дахин сонгохоос гадна сенатын танхим дахь 100 гишүүний 35-ыг нь дахин сонгосон юм. Мөн түүнчлэн 39 мужийн амбан захирагч нарыг сонгохын зэрэгцээ бусад жижиг, орон нутгийн чанартай сонгуулиуд ч давхар явагдлаа. АНУ-д хоёр жил тутамд явагддаг уг сонгуульд Д.Трампын Бүгд Найрамдах нам Сенатын танхимд давуу байр сууриа хадгалж үлдлээ. Харин Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болж чадсан байна.

Д.Трампын хувьд 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж болох хэдий ч энэ удаагийн сонгуулийн санал хураалт нь түүний байр суурийг тодорхойлох бүх нийтийн санал асуулга хэмээн олон нийт үзэж байсан юм. Хэдийгээр БНН-ын Төлөөлөгчдийн танхим дахь оролцоо нь буурсан ч Дональд Трампын нам Сенатын танхимд олонх хэвээр үлдсэн төдийгүй гишүүдийн тоо нь нэмэгджээ. Энэ нь Дональд Трамп Холбооны шүүгч болон агентлагийн албанд өөрийн хүмүүсээ томилох боломжийг олгож байгаа гэдгийг шинжээчид онцолж байна.. Гэхдээ БНН хууль батлахын тулд Ардчилсан намынхантай хамтарч ажиллах шаардлагатай болж байгаа аж. Ерөнхийдөө Ардчилсан нам Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогод нөлөөлөх боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл Ираны хэлэлцээрт эргэн нэгдэж, Парисын гэрээний талаар Засгийн газрын байр суурийг өөрчилж чадахгүй. Харин авлига хээл хахууль зэрэг дотоод асуудлуудад хяналтаа нэмэх боломж бүрдэж байгаа юм байна. Сүүлийн найман жилд анх удаа ардчилсан намынхан Конгрессын доод танхимд ийнхүү олонх болж байна. Ерөнхийлөгч Трамп энэ удаагийн завсрын сонгуульд маш өндөр ач холбогдол өгч, БНН-ын нөхдөө дэмжихээр улсынхаа томоохон мужуудаар ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас дутуугүйгээр анхаарал тавьж, иргэд сонгогчидтойгоо уулзан, БНН-д итгэл хүлээлгэн дэмжихэд уриалж байсан юм.

Ардчилсан намын ялалт бус АНУ-ын ард иргэдийн ялалт байх болно

Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Ненси Пелоси “Бид энэ өдөр түүхэн ялалт байгууллаа. Энэ бол Ардчилсан намын ялалт бус, АНУ-ын ард түмний ялалт байх болно. Одоо бид Бүгд Найрамдах болон Ардчилсан намын ашиг сонирхлын ялгаа ямар байдгийг тодоор харуулна. Вашингтоныг АНУ-ын ард түмний төлөө ажилладаг газар болгохын тулд авлигаас ангижруулна. Бүгд найрамдахчууд танил тал, шударга бус өрсөлдөөн, авлигын соёлыг түгээдэг нам. Одоо харин Ардчилсан намынхан бид Конгрессыг нээлттэй, ил тод, АНУ-ын иргэн бүрийн төлөө ажилладаг болгоно” гэж мэдэгджээ.

 

Хамгийн өндөр ирцтэй сонгууль

Энэ удаагийн завсрын сонгуульд АНУ-ын түүхэнд хамгийн их хүн саналаа өгчээ. 113 сая хүн буюу нийт сонгогчдын 49 хувь нь сонгуульдаа санал өгсөн нь энэ улсын хамгийн ирц сайтай сонгууль болсон байна. CNN агентлагаас явуулсан сонгуулийн ажиглалтын дүнгээр Америкчуудын саналаа хэрхэн өгсөн байдлыг дараах байдлаар хуваан үзүүлжээ.

 

 

  • Саналаа өгөхөөр ирсэн Америкчуудын 39% нь төрийн тэргүүн Дональд Трампын явуулж байгаа бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэхийн тулд сонгуульд оролцсон
  • Сонгогчдын 26% нь Цагаан ордны тэргүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэн санал хураалтад оролцсон
  • 33% нь тэдний сонгуульд оролцсон шалтгаанд ерөнхийлөгч Трамп огтхон ч хамааралтай байгаагүй, тэд улс орноо цаашид ямар бодлого чиглэлээр явж, конгресс хэрхэн ажиллахыг тодорхойлохын тулд л саналаа өгсөн гэнэ
  • CNN-нээс явуулсан санал асуулгын явцад тодорхой болсон нь иргэд сонгогчдын бараг 56% нь улс орон нь гадаад болон дотоод бодлогын хувьд буруу чиглэлд явж байна гэж үзсэн бол үлдсэн 41% нь үүний эсрэг байр суурьтай байгаа аж.

Эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн өндөр сонгууль

Энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүд, өнгөт арьстнууд, бэлгийн цөөнхүүд ихээр нэр дэвшиж байгаа нь АНУ-ын түүхэнд байгаагүй  хамгийн баялаг нэр дэвшигчидтэй сонгууль болгож байна гэж “New York Times” сонин онцолжээ. Нийт 964 нэр дэвшигчдийн 272 нь эмэгтэй, 26 нь ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүс, 216 нь уугуул Америк болон Ази гаралтай Америк, өнгөт арьстнууд байгаа юм. Өнгөрсөн дөрвөн сонгуультай харьцуулахад цагаан арьстнуудын оролцоо хамгийн бага сонгууль боллоо.

Хамгийн их буюу 964 нэр дэвшигчийн 272 нь эмэгтэй нэр дэвшигч байсан нь онцлог болов. Тэднээс 107 нь ялалт байгуулсан нь мөн л дээд амжилт байлаа.

Нью Йоркийн ардчилсан намын Александриа Окасио-Кортез 29 насандаа Конгресст сонгогдсон анхны хамгийн залуу эмэгтэй гишүүн болов.

Мөн тус намаас дэвшсэн Илхан Олмар, Рашида Тлэйб нар Конгресст сонгогдсон анхны лалын шашинтай эмэгтэй гишүүд болж АНУ-ын түүхэнд бичигдэж байна. Тэдний нэг нь Сомалийн иргэний дайнаас дүрвэж АНУ-д суурьшсан бол нөгөөх нь Палестин гаралтай Америкийн иргэн ажээ.

Түүнээс гадна, ардчилсан намаас дэвшсэн Шэрис Дэвидс, Дебра Хааланд нар Конгресст сонгогдсон анхны уугуул Америк эмэгтэйчүүд боллоо. Тулааны урлагт хүч сорьж байсан Шэрис Дэвидс Канзас мужаас сонгогдсон ижил хүйстнүүдийн анхны төлөөлөгч болов.

Мөн түүнчлэн, Аяна Пресслий гэх эмэгтэй Массачусетс мужид ялалт байгуулсан нь анхны хар арьст эмэгтэй гишүүнээр тодорчээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж