Дөчин дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн түүх

Хуучирсан мэдээ: 2018.11.08-нд нийтлэгдсэн

Дөчин дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн түүх

Дөчин дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн түүх

Хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй ажил. Тэр тусмаа гэр бүлийн хүчирхийлэл дунд, эсвэл ганц биеэр хүүхэд өсгөхөд маш их ядарч, шантарч, сэтгэл санаагаар унах явдал гардаг билээ. Харин Уганда улсад 38 хүүхдээ ганцаараа өсгөж буй 39 настай нэгэн эмэгтэй амьдардаг ажээ. Тэрбээр 44 хүүхэд төрүүлснээс зургааг нь харамсалтайгаар алдаж, одоо 38 хүүхэдтэйгээ нэгэн дээвэр дор аж төрөн суудаг байна.

Амьдралын хүнд бэрхийг туулан, басхүү бяцхан хүүхдүүдийн цангинасан инээд, тэдний инээмсэглэл, хайран дунд амьдарч буй энэ эмэгтэйг Мариам Набатанзи гэдэг. Түүнийг 13 настай байхад нь эцэг эх нь өөрөөс нь 27 ах хүнд зарж, хүчээр гэрлүүлсэн байна. Арван гуравхан настай бяцхан охин тухайн үед танихгүй эрийн гэрт хаягдах хүртлээ юу болоод байгааг огт ойлгоогүй гэдэг. Гэрлэснийхээ дараагийн жил тэрбээр анхны хүүхдүүд болох ихрүүдээ төрүүлсэн байна. Түүний дараагийн жил нь гурван ихэр, дараагийн жил нь дөрвөн ихэр төрүүлж, богино хугацаанд олон хүүхдийн ээж болжээ.

Өсвөр насны охины хувьд хүний эхнэр болон, хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг тун амаргүй даваа байв. Түүнчлэн нөхрийнх нь өмнөх эхнэр олон хүүхдээ хаяад явсан тул бүхий л хүнд ачааг үүрэлцдэг байжээ.  Амьдралынх нь хүнд нугачаа үүгээр дууссангүй. Өөрөөс нь 27 ах нөхөр нь түүнд байнга гар хүрч, хүчирхийлдэг байсан гэнэ.

Мариам Набатанзи 23 хүүхэд төрүүлснийхээ дараа эмчид хандан, эмчилгээ, эсвэл хагалгаа хийлгэн, дахиад хүүхэд олохгүй байх боломжтой эсэхийг асуужээ. Гэвч дэлгэрэнгүй шинжилгээний дараа түүний өндгөн эс маш олон учраас хагалгаа хийлгэх нь эрүүл мэнд, амь насанд нь аюултай гэдэг дүгнэлтийг сонссон байна. Тиймээс тэрбээр хувь тавилантайгаа эвлэрэн, үр хүүхдээр баян байх нь бурхны өгч буй бэлэг хэмээн бодож амьдрах болжээ.

Мариам Набатанзи 44 хүүхэд төрүүлсний дотор хоёр ихэр зургаа, гурван ихэр дөрөв, дөрвөн ихэр гурав болон хоёр хүүхдийг “ихэргүйгээр” төрүүлжээ. Харин зургаан хүүхдээ харамсалтайгаар алдсан байна.

Түүний санааг хамгийн ихээр зовоодог зүйл бол хүүхдүүд нь эцэггүй өсч байгаа явдал юм. Нөхөр нь ойр ойрхон гэрээсээ хэдэн сар, заримдаа бүр хэдэн жилээр ч алга болчихдог төдийгүй хүүхдүүдээ өсгөхөд огтхон ч оролцоогүй байна. Ёсыг бодож хүүхдүүдээ төрснийх нь дараа нэр өгдөг ч ихэнхдээ хүнээр дамжуулан, эсвэл утасны цаанаас л нэрийг нь хэлдэг ажээ. 23 настай хамгийн том хүү нь арван гуравтайгаасаа хойш аавыгаа огт хараагүй гэнэ.

Гэвч Мариамд энэ бүхэнд гутарч, гунихрах зав зай байсангүй. Тэрбээр өөрийн бүхий л амьдралаа хүүхдүүдээ өсгөн, хүмүүжүүлж, тэднийг хайрлахын тулд зарцуулж байгаа ажээ. Тун ч өнөр энэ гэр бүлийн хувьд харин хоол хүнсний асуудал маш хүнд байдаг нь ойлгомжтой юм. Хүүхдүүдээ хооллохын тулд түүнд өдөр тутам арван килограмм эрдэнэ шишийн гурил, долоон килограмм шош, дөрвөн килограмм элсэн чихэр хэрэг болдог байна.

Түүний хүүхдүүд нь бүгдээрээ өөрийн гэсэн мөрөөдөлтэй, сургуульд сурах чин эрмэлзэлтэй аж. Анхны хүүхдүүд болох ихрүүд нь аль хэдийн сувилагч, барилгачны мэргэжлийг эзэмшин, амжилттай ажиллаж байгаа юм.

Хүүхдүүдээ тэжээхийн тулд тэрбээр маш олон зүйлийг сурсан байна. Тухайлбал, нутагт нь ургадаг эмийн ургамлыг түүж зарах, нарийн боов хийх, үс засах, барилга барих, засал чимэглэл, нүүр будалт хийх зэрэг ажлыг хийж, амьжиргаагаа залгуулдаг байна. “Хүүхдүүд бол бурхны надад өгсөн бэлэг. Тиймээс би тэдний төлөө чадах бүхнээ хийх болно” хэмээн Мариам хэлжээ. Мөн тэрбээр эцэг эхчүүдийг “хүүхдүүдээ битгий эрт, хүчээр хүнтэй суулгаарай. Бяцхан хүүхдүүд тань насандаа баймгүй их зовлонг эдлэх болно. Эцэх эхийн хайр л юу юунаас илүү үнэ цэнтэй зүйл байдаг юм” гэжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж