Угаалгын машин гэдэг зүйл аль эрт зохион бүтээгдсэн ч хүмүүс бид хувцас угаахад багагүй хүч хөдөлмөр гаргадаг билээ. Статистикаас үзвэл эмэгтэйчүүд өдөрт дунджаар 17 минутыг хувцас угаах ажилд зарцуулдаг гэдэг. Харин энэхүү хувцас угаах ажлыг илүү хөнгөвчлөх, энгийн боловч маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг та бүхэнд бэлтгэн хүргэлээ.
Угаалгын машиныг ам зайлагч уусмалаар цэвэрлэж болно
Юуны өмнө хувцсаа сайн угааж, өнгө оруулахын тулд таны угаалгын машин цэвэрхэн байх ёстой. Угаалгын машиныг цэвэрлэх зориулалттай олон янзын бодис байдаг боловч та гэртээ байгаа жирийн нэг ам зайлагчаар энэ асуудлыг хялбархан бөгөөд үр дүнтэйгээр шийдэж болох юм. Үүний тулд та тал аяга ам зайлагч шингэнийг угаалгын машиндаа хийж, хувцас угааж байгаа юм шиг ажиллуулаарай. Хананд наалдсан элдэв толбо, нян бүгд ул мөргүй арилах болно.
Оймс угаахдаа тусгай уут ашиглах
Угаалгын машинд хувцсаа угаасны дараа оймс алга болох нь угаалгын дараа түгээмэл тохиолддог. Тэгвэл туршлагатай гэрийн эзэгтэй нар энэ асуудлыг хүн бүрд зориулсан тусгай уутыг ашиглах замаар шийджээ. Ингэснээр угаах үед ч, хатаасны дараа ч хүн бүрд өөрийнх нь оймсыг өгөхөд хялбар болох юм. Ялангуяа танайх олон гэр бүлийн гишүүнтэй бол энэ аргыг заавал хэрэгжүүлээрэй.
Цагаан хувцсаа өнгө оруулахын тулд аспирин ашиглаарай
Цагаан өнгийн хувцас амархан өнгөө алддаг. Тэгвэл та энэ асуудлыг хэдхэн ширхэг аспиринаар шийдэж болох юм. Аспиринд агуулагдах салицилын хүчил нь цагаан хувцсыг цайруулах үйлчилгээтэй тул угаалгын машинд цагаан өнгөтэй хувцсаа угаахдаа аспирин нэмж хийгээд үзээрэй.
Хувцсаа хэтэрхий удаан хатаах хэрэггүй
Хувцсыг удаан хатаасны дараа индүүдэхэд төвөгтэй болдог. Тиймээс индүүдэх шаардлагатай хувцаснуудаа бага зэрэг чийгтэй байхад нь хатаагчаасаа хурааж хэвшсэнээр залхуутай санагдах индүүдлэгийн ажлыг хялбар болгож болно.
Агшсан хувцсыг хүүхдийн шампунь ашиглан хэвийн хэмжээнд нь оруулж болно
Хачин сонсогдож байж болох ч үнэхээр агшсан хувцсыг буцааж хэвийн хэмжээнд нь оруулах үүнээс өөр үр дүнтэй арга байхгүй л болов уу. Бүлээн усанд бага зэрэг хүүхдийн үсний шампунь хийгээд, агшсан хувцсаа хийн 10-15 минут байлгаарай. Дараа нь том алчуурт хувцсаа боож мушгиад, хатуу гадаргуу дээр нойтон хувцсаа тавьж, тэр чигт нь хөдөлгөлгүй хатаагаарай.
Цагаан өнгийн юм угаахдаа хувцас зайлагч шингэн хэрэглэх хэрэггүй
Хувцас зайлагч шингэн цагаан хувцсанд тийм ч нөхөрсөг ханддаггүй гэдгийг туршлагатай гэрийн эзэгтэй нар сайн мэддэг. Хэрвээ та цагаан өнгийн зүйлсээ өнгө оруулахыг хүсэж байгаа бол хувцас зайлагч шингэн биш цайруулах үйлчилгээтэй өөр бодис хэрэглэхийг зөвлөж байна.
Угаах хувцсыг өнгөөр нь ялгах хэрэггүй
Үр дүнтэй угаалга хийхийн тулд хувцсыг өнгөөр нь бус материалаар нь ялгаж хэвшээрэй. Учир нь хувцасны материалаас шалтгаалан түүний хэрэглэх ус, усны хэм, угаалгын бодис зэрэг нь ондоо байж болно. Харин цагаан өнгийн хувцсыг бол заавал тусад нь угаах хэрэгтэй нь мэдээж юм.
Хувцсанд наалдсан нүүрний будагны толбыг арилгахын тулд сахлын хөөс хэрэглээрэй
Хувцсанд тогтсон уруулын будаг, нүүрний суурь кремний толбо зэргийг арилгахад маш хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл та толбо болсон газарт нь бага зэрэг сахлын хөөс түрхэж, хэсэг байлгасныхаа дараа угаагаад үзээрэй.
Хиртэй оймсыг хүйтэн усаар угаа
Хиртэй оймсыг бусад хувцаснуудын адилаар халуун усанд угаачихвал дараа нь арилгахад хэцүү толбо болон тогтдог. Тиймээс хачин сонсогдож байгаа ч хүйтэн усаар угаах нь хиртэй оймс угаах хамгийн үр дүнтэй арга юм.
Хуучин толбыг сэнс ашиглан арилгаж болно
Хувцсан дээр тогтоод удаж байгаа толбыг арилгахын тулд халуун сэнсээр сайтар үлээлгэснийхээ дараа угаалгын шингэн нунтаг түрхэн хэсэг байлгаж байгаад угаагаарай. Толбыг ингэж халаах нь арилгахад илүү амар болгодог.
Эх сурвалж: Brightside
Холбоотой мэдээ