ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.07) хуралдаан 14 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх, ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх саналуудыг ажлын хэсэг нэгтгэн, төсөлд тусгасан байна.

Уг хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Ажлын хэсгийн ахлагчийн танилцуулгатай холбогдуулан тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдаанаар үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байсан. УИХ-ын гишүүн Б.Жавхлан, дээрх төслүүд нь нэг салбарынх учир төсөл санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд хамтатган танилцуулах нь зүйтэй гэж горимын санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төсөл санаачлагчийн илтгэлийг нэгтгэн танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд мэдээлэл харилцаа холбооны салбарын эрх зүйн актуудыг боловсронгуй болгохоор тус тус заасныг  үндэслэн дээрх төслүүдийг боловсруулсан гэв. УИХ-аас 1999 онд Радио долгионы тухай хуулийг, 2001 онд Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг, 2003 Шуудангийн тухай хуулийг батлан мөрдүүлсэн. Үүнээс хойш техник технологийн болон зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, иргэдийн амьдрал, мэдээлэл харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч өдөр тутмын хэрэгцээ шаардлага үйл ажиллагааны салшгүй хэсэг болсон учир дээрх хуулиудыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж үзжээ.

Иймд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа үед төрийн нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалт уялдааг хангах цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг тусгажээ.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд радио долгионы асуудлаар төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын эрх үүргийг зааглан тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд радио долгионы үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт, радио давтамжийн ашиглалын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нэр томьёог холбогдох олон улсын гэрээ, конвенци, Дэлхийн радио холбооны дүрэмтэй нийцүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна. Мөн Дэлхийн радио холбооны их хурал, бүсийн бэлтгэл хуралд бэлтгэх, радио долгионы улс хоорондын зохицуулалт хийх, шинэ техник, технологийг нэвтрүүлэх хандлага, хэрэгжүүлэх зарчмыг тогтоох, мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүнийг эрх зүйн байдлыг тодорхойлохоор төсөлд тусгасан гэв.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шуудангийн үндсэн сүлжээний тодорхойлолт, эзэмшигчийн статусыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох, хувийн хэвшлийн шуудангийн байгууллагуудын оролцоог хангах бололцоог нэмэгдүүлэх, шуудангийн нэгдсэн кодын тодорхойлолт, хүргэлтийн давтамж, чиглэл болон хүргэлтийн хугацааг дэлхийн жишигт ойртуулах, шуудангийн үйлчилгээгээр дамуулан бусад салбарт шинэ үйлчилгээ хэрэглээг нэвтрүүлэх, цахим худалдаа, илгээмжийн үйлчилгээг ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий заалтуудыг тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Харилцаа холбооны салбар дахь технологийн найдвартай байдлын талаарх асуултад ажлын хэсгээс хариулахдаа, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах зорилготой салбарын бодлогыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөлтөд оруулах, мэдээлэл технологийн аудит зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгасан байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч, холбогдох төслийг боловсруулж байгааг мөн энэ үеэр дуулгалаа.

Өндөр хөгжилтэй болон хөгжингүй ихэнх улс оронд шуудангийн сүлжээ мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй зэрэгцэн бэхжиж, иргэдэд хүртээмжтэй байсаар байгааг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэв. Монгол Улсын хувьд салбарын эрх зүйн орчныг оновчтой тодорхойлж, олон талаас нь судалж байж бодлого боловсруулах шаардлага бий гэв. Харилцаан холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаараа өнөөдөр дотоод дахь мэдээллийн технологийн салбарт  тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй хэмээн харж буйгаа Б.Баттөмөр гишүүн хэлээд Мэдээллийн технологийн хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэв. Мөн бүх төрлийн мэдээллийн аюулгүй байдал нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж, бизнесийн гээд бүх салбарт тулгамдаад буй, шийдвэрлэх шаардлагатай асуудал гэдгийг хэлж байсан юм. Тиймээс дээрх төслүүдийн хэлэлцүүлэгт онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. Түүнчлэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг тус тус дэмжлээ. Дараа нь төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жавхланг ажлын хэсгийг ахлагчаар томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж