ХНХЯ хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулахад хамтарна

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

ХНХЯ хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулахад хамтарна

ХНХЯ хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулахад хамтарна

Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо танилцуулах уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санал болгож буй нийт төсөв нь 10,4 сая ам.доллар юм байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүд, жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг уг хөтөлбөрт хамруулах аж.

Хөтөлбөрийг танилцуулах уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцож шинээр хэрэгжиж эхлэх хамтын ажиллагааны хүрээнд ХНХЯ жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг  агаарын бохирдолд өртөхөөс хамгаалах, агаарын бохирдлын тэдний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөг бууруулах асуудлаар хамтран ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улс дахь нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хүн амын төвлөрөл нэмэгдэж нийслэлд нийт хүн амын 46 хувь нь оршин суух болсноос үүдэн Улаанбаатарын утаа, тоосжилт, агаарын бохирдлын нөхцөл байдал жилээс жилд хүндэрч буй юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсч уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болоод байгаа төдийгүй Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг судалгаагаар тогтоожээ.

Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио, харин томчууд Улаанбаатарын тоосжилт, утаа буюу агаарын бохирдлоос шалтгаалж уушгины хавдар, зүрхний шигдээс, тархины цус харвалтын аль нэгээр өвдөх болсныг уг судалгаа харуулсан байна. Цаашид Улаанбаатарын утаа багасахгүй, агаарын бохирдол одоогийн байгаа хэмжээнд үргэлжилбэл өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээний зардал 20 гаруй хувиар өснө гэдгийг судлаачид онцолсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувьд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон. Гэтэл 2014 онд энэ тоо 20 хувьд хүрсэн гэсэн эмгэнэлтэй мэдээллийг С.Чинзориг сайд яриандаа онцолсон.

Тэрбээр Улаанбаатар хотын агаарын бохирдол улирлын чанартай бөгөөд  арваннэгээс гуравдугаар сар хүртэл агаарын бохирдлын оргил үе бөгөөд энэ үед жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд агаарын бохирдолд өртөх эрсдэл нь илүү байдгийг дурдаад “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах судалгаагаар Улаанбаатар хотын дүүргүүдийг чанарын дөрвөн бүст хуваадаг. Агаарын чанарын 1- 4 дүгээр бүст 10,590 жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй нийт 109,607 эх, 0-5 насны 133,710 хүүхэд амьдарч байна. Эдгээрээс өрхийн амьжиргааны түвшний 409 онооноос доош оноотой өрхийн 39,242 эх, 0-5 насны 65,413 хүүхэд байна.   Иймд агаарын бохирдол ихэссэн буюу өвлийн улиралд жирэмсэн эх, бага насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна.

Амьжиргааны түвшин доогуур өрхийн жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдийг дэмжих нь эн тэргүүний асуудал бөгөөд энэхүү дэмжлэгийг дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, чанартай, хүрэлцэхүйц эмийн хүртээмжийг бий болгон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг багц хэлбэрээр шийдэх хэрэгтэй байна” хэмээсэн.

С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын арга хэмжээний үндсэн зорилгод нийцүүлэн агаарын бохирдлоос эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах арга хэмжээний  тогтвортой байдлыг хангах зорилгоор  одоо хэрэгжиж байгаа тухайлбал, Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ зэрэг бусад арга хэмжээтэй уялдуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа ч дуулгалаа.

НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад түнш байгууллагуудтай хамтран жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд хүйтний улиралд  агаарын бохирдлын сөрөг үр дагаврыг хэрхэн даван туулж буйд үнэлгээ, дүн шинжилгээ хийж, үүнд үндэслэн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний боломжит хувилбаруудыг боловсруулах, улмаар нөөц боломждоо  тулгуурлан үр дүнтэй арга хэмжээ авах тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг ч хэлсэн.

Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн зорилгыг Швейцарийн Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Габриелла Спирли "Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх онц ноцтой хор уршгийн талаар ДЭМБ-аас сая гаргасан судалгаа дахин нотоллоо. Энэ баримт нотолгоо дэлхийн улс орнуудын хувьд түгшүүрийн дохио болох ёстой.

Тийм ч учраас Швейцарийн Хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монголын хүн ам, тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлнэ" хэмээн тодорхойлсон. Үр дүнгийн тухайд хөтөлбөр хэрэгжээд дуусахад агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэндийн талаарх тоо, баримт мэдээлэл цуглуулах, түгээх, судалгаа, дүн шинжилгээ хийх чадавх сайжирч, эрсдэлийг бууруулах арга хэмжээг газар дээр нь авсны үндсэн дээр сургуулийн өмнөх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд учрах эрүүл мэндийн эрсдэл буурсан байна хэмээн үзэж буй аж. Мөн энэ хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг үндэсний болон орон нутгийн зохих бодлогуудад тусгасан байхаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ХНХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж