У.Хүрэлсүхийн өгсөн, авсан анхааруулга

Хуучирсан мэдээ: 2018.11.07-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн өгсөн, авсан анхааруулга

У.Хүрэлсүхийн өгсөн, авсан анхааруулга

"Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлалт гуйхгүй бол дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Нам дотроо тун удахгүй хариуцлагын асуудал хөндөнө”.  Энэ бол ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлсөн УИХ-ын чуулганы Мягмар гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намынхандаа өгсөн  анхааруулга байв.   Үүний дараа Ардын засгийг огцруулах асуудал хоёр ордны дунд сэм өдөлж эхэлснийг улс төрийн хүрээнээс сэвж эхэллээ.  Энэ нь эсрэгээрээ  У.Хүрэлсүхэд бүлгийн гишүүдээс нь өгч  буй анхааруулга юм.  Товчхондоо,  ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцвол  унагаах кноп бэлэн байгаа гэдгийг УИХ дахь бүлгийнхнээс нь  У.Хүрэлсүхэд сануулж буй хэрэг.  Хэрэвзээ У.Хүрэлсүх уг  сануулгыг  нь үл хэрэгсвэл намынхан нь санасандаа хүрнэ.

Ийм нэг  өширхөл, хонзогнол  Монголын улс төрд бугшсан, өнөөдөр ч У.Хүрэлсүхийн унах цагийг тоолоод сууж байгаа хүмүүс УИХ дахь бүлэгт нь цөөнгүй бий.

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш 15 засгийн нүүрийг үзжээ.  Арван зургаа дахь нь  орших, оршихгүйн зааг дээр, МАН дахин нэг засгаа онхолдуулах уу гэх асуулт улс төрийн хүрээнд тэнүүлчилж байна. Ерөнхийдөө Монголын тогтолцооны золиос ахиад Ардын  засаг болох эс бөгөөд тэрбээр шүдгүй арслан байх хоёр сонголтыг улс төр У.Хүрэлсүхэд тулгаж буй.  Эндээс харахад У.Хүрэлсүх ЖДҮ-ийг зээлийн санг хуваагаад хүртчихсэн гишүүдийнхээ асуудлыг ингэсхийгээд орхих магадлалтай. Эс бөгөөд энэ асуудал түүний засгийн огцрох шалтгаан болно. Аль ч талаас нь харвал У.Хүрэлсүхийн хэлж байсан амлалт нь биелэхгүйд хүрэх магадлал өндөр.

Ерөөс Ерөнхий сайд болгон нэг бол худалч, нөгөө бол шүдгүй арслан, бүр хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага  болдог нь бичигдээгүй хууль, энэ нь  манай тогтолцооны хамгийн том гажуудал болсон.  Ерөнхийлөгч Х.Баттулгын “Би Засгийн газартай ойрхон ажилладаг” гэх үг  ч Монголын тогтолцооны гажуудлын нэг нотолгоо.  Ерөнхийлөгч бол бүх Ард түмний эв нэгдлийн баталгаа болохоос хууль баталдаг, бодлого хэрэгжүүлдэг субъект огтоос биш  л дээ.

Өнөөдрийн хувьд У.Хүрэлсүхийг хэн нэгнээр солих нь сонгуулийн босгон дээрх Ардын намд ашиггүй. Тэр тусмаа эдийн засгийн үзүүлэлтүүд эргээд дээшилж байгаа нөхцөлд  УИХ дахь Ардын намын 65 ээлж дараалан бүгд  сайд болж үзэх гээгүй юм бол шүү дээ.

Засаглалын хямрал бол Монголын улс төрийн “хорт хавдар” болсон. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр энэхүү хорт хавдрыг эмчлэх  боломжгүй гэдэгт УИХ дарга, Ерөнхийлөгч санал нэгдсэн бөгөөд  байр сууриа ч намрын чуулганы нээлт дээр илэрхийлж, зөвлөх туслах, Тамгын газрын дарга нараараа дамжуулан засаглалын хувилбараа ч Төрийн тэргүүний зүгээс дэвшүүлээд байгаа билээ. Ерөнхийлөгчийн зүгээ гаргасан УИХ-ыг тараах хүсэлт намуудын гар дамжин олон жил яригдсан, Ардын намын 64-ын хийх ёстой реформ болоод буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн өмнөх тоглолт.  Гэвч, Монгол Улс ямар замаар явах нь үнэндээ У.Хүрэлсүхийн намынхны хийх ёстой гол реформ.

Монгол парламентын засаглалтай гэдэг боловч өнгөрсөн 27 жил хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэн. Энэ утгаараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хийх ажилтай булаацалдаж байгаа нь Х.Баттулга гэдэг хүндээ ч биш тогтолцоондоо байгаа хэрэг. Тиймээс парламентын засаглалтай байх уу эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу гэдгээ сонгох цаг УИХ-ын болоод эрх барьж байгаа МАН-ын өмнө ирлээ.
Сонгодог парламентын засаглал  бол үнэндээ Ерөнхий сайдын засаглал байдаг.  Нэгэнтээ бид парламентын засаглалаар явна гэж замаа сонгосон бол түүнийгээ төгөлдөржүүлэхээс өөр аргагүй.
Ялангуяа 77 толгойтой явж ирсэн Монголын засаглалын эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх асуудал Үндсэн хуулийн шинэчлэлтээр яригдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн засаглал уу, Ерөнхий сайдынх уу гэх асуултын хариулт л гол өөрчлөлт нь болно.
Учир нь парламентынаа барьцаанд Гүйцэтгэх засаглал нь явж ирсэн, тиймээс ч Засгийн газрын томилгоо болгонд УИХ-ын гишүүдийн оролцоог харгалзахгүй бол Ерөнхий сайдад ажил хийх боломж хязгаарлагдмал байдаг.
Сонгодог парламентын засаглалтай орнуудад Засгийн газрыг парламентад олонхи болсон нам дангаараа байгуулдаг. Парламент зөвхөн Ерөнхий сайдыг томилж өгнө. Намын лидер буюу дарга нь Ерөнхий сайд болоод абинетын гишүүдээ парламентаас хамааралгүйгээр өөрөө бүрдүүлж ажилладаг нь түгээмэл жишиг. Нэгэнт кабинетын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө бүрдүүлж байгаа тул танхимын гишүүдтэйгээ ч хариуцлага тооцох эрх нь нээлттэй. Монголын улс төрийн хувьд Ерөнхий сайд дангаараа багаа бүрдүүлэх эрхгүй, энэ нь Засгийн газрын бүтэц чадварлаг баг болж чадахгүйд хүргэдэг талтай. Тиймээс л У.Хүрэлсүхийн улс төрийн хийх гавъяа нь супер Ерөнхий сайдыг төрүүлэх явдал юм.

Ерөнхийлөгчийн буюу нэг хүний засаглал хоёр их гүрний дунд амьдарч байгаа Монгол Улс зохихгүй гэдгийг улстөрчид, тэр тусмаа парламентад суудалтай хоёр том намынхан хүлээн зөвшөөрөөд байгаа. Харин парламентын засаглалыг хэрхэн сонгодог болгох тухай л өөрчлөлт Үндсэн хуулийн шинэчлэлийн  гол механизм бөгөөд У.Хүрэлсүх улс төрийн ийм эр зориг гаргахгүй бол дараа дараагийн Ерөнхий сайд нарын зургийг Төрийн ордны хаана хадах вэ гэсэн асуудалд хүрэх вий. Сонгодог парламентын засаглалтай орнууд бол Япон, Герман бөгөөд Шинзо Абэ хоёр ч удаа парламентаа тарааж байсан.  Өнөөдөр дэлхий даяар Германы Канцлер Ангела Меркэль гол тоглогч гэдгийг мэдэхээс ерөнхийлөгч нь хэн байдаг тухай огтоос мэдээлэлгүй.

Чухамдаа У.Хүрэлсүхийн өчигдрийн чуулганы хуралдаан дээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж хүлээн зөвшөөрсөн үгэнд нуугдсан улс төр нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар супер Ерөнхий сайдыг төрүүлэх асуудал болов уу.  Үндсэндээ, УИХ-аа тараах хэмжээний эрх мэдэлтэй, танхимын сайдаа УИХ, Ерөнхийлөгчөөс хамааралгүй томилж чаддаг супер Ерөнхий сайдын тухай л тэр хөндсөн биз ээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж