УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 76.4 хувийн саналаар төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
“Урт нэртэй” хуулийг УИХ анх 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр баталсан боловч, хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширсанаас болж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж чадаагүй аж.
Мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222.5 тэрбум төгрөгийн нөхөх олговор, түүнд хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хуулийн хэрэгжилт удааширч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна.
УИХ-аас байгуулагдсаны УИХ-ын гишүүн Д.Арвины ахалсан ажлын хэсгийнхний мэдээллээр ашиглалтын 395 тусгай зөвшөөрлүүдийг ашигт малтмал бүрээр үзүүлбэл,
1.Алт 213 тусгай зөвшөөрөлтэй 128 аж ахуйн нэгж
2.Барилгын материал 89 тусгай зөвшөөрөлтэй 83 аж ахуйн нэгж
3.Нүүрс 46 тусгай зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгж
4.Тугалга 11 тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгж
5.Төмөр 8 тусгай зөвшөөрөлтэй 8 аж ахуйн нэгж
6.бусад 10 төрлийн ашигт малтмалын 28 тусгай зөвшөөрлийг 19 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа аж.
Нийт хуульд 170.9 мянган га талбай хамрагдсанаас 2130.1 га талбай эвдрэлд орсон байна.
Нөхөн төлбөрийн тухайд, энэ асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулж ажиллуулсан аж. Тус ажлын хэсэг Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн /орлогоор/ нь тооцвол 2,223.93 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шаардлага бий болж байна гэж үзжээ.
Хэрвээ УИХ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжвэл хууль хэрэгжих бололцоо нь нээгдэх гэнэ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Олборлолтоос болж байгаль орчинд асар их хохирол учирсан. Түүнийг үнэлэх юм бол уул уурхайн компаниуд нөхөн төлбөр шаардах бус, байгалийн нөхөн сэргээлтэд асар их хөрөнгө өгөх шаардлагатай болно” гэсэн асуудал хөндөж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг маш сайн ажилласан. Урт нэртэй хуульд хамрагдсан бүх газруудын хилийн зааг, зурвасыг тогтоох, энэ нь хууль зөрчсөн эсэх асуудлыг маш сайн тогтоосон. Өнөөдөр гишүүд хилийн заагийг тогтоож чадсан уу, төр энэ чиглэлийн ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хөндөж байна. Бид төрд ажиллаж байгаа олон хүмүүсийн хийж байгаа ажилд хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. УИХ-ын гишүүн дуртай зүйлээ дураараа ярьж болдог ч мэдээллээ зөв солилцох шаардлага байгаа нь харагдаж байгаа. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын захирамжийг үндэслэн хамгаалалтын бүс, хилийн заагийг баталсан боловч хилийн зааг тогтоосон цэг солбилцол алдаа ихтэй байсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад бэрхшээл учруулж байгаа ийм олон зөрчил дутагдал байгаа. Яагаад гэвэл тогтоож байгаа хүмүүс мэргэжлийн түвшинд бэлтгэгдээгүй, асуудлаа ойлгож чадаагүйн улмаас олон хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийг эдийн засаг хямарсан энэ хүнд хэцүү байгаа үед нэлээд эрсдэлд оруулсан. Тийм учраас энэ асуудлыг бодитойгоор авч үзэж шийдвэрлэх шаардлагатай бий. Бид цаашид ажлын хэсэг дээр усан сан бүхий газрын хилийг нарийвчлан хянаж газар дээр нь тодотгож баталгаажуулах, усны нөөцийг хамгаалах, ус зүйн мэдээ, мэдээлэлтэй оновчтой хослуулах бодлого, чиглэлийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн ойн сан бүхий газрын тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэх, ойн сан бүхий газарт орж буй өөрчлөлтийг тусгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нарийвчлан тогтоох, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр лицензтэй давхацсан тохиолдолд асуудлыг шийдвэрлэх арга замыг эрх зүйн баримт бичигт тусгаж УИХ-аар батлах шаардлагатай байна” гэсэн юм. Эцэст нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн 76,4 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.
Г.ДАРЬ