Зуун айлд барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг Налайх руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан/НИТХ/-аас гаргасны дагуу ажлын хэсэг байгуулан ажиллах болжээ.
Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2018.10.07/ болж, Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулах ажил ямар төвшинд яваа, мөн Зуун айлд барилгын материалын худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж чадаж байна уу, Зуун айл орчмыг барилгажуулах ажлын явц хаана юунаас болж гацав зэрэг асуудлаар мэдээлэл сонслоо.
Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Налайх руу аж үйлдвэрлэлийн парк байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор зарим ажлуудыг хийж дуусгажээ. Тухайлбал, 4.5 км автозам барихтай холбоотой зургийн ажлыг дуусгаж, барилгын ажлыг эхлүүлсэн байна. Дараа нь дулааны асуудлыг шийдвэрлэнэ. Үүний дараа үйлдвэрлэгчдэд агуулах саваа барих боломж бүрдэнэ. Иймээс хаана газар авч, үйлдвэрлэл эрхлэх вэ гэдгээ одооноос Газрын албаныхантай ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай гэсэн чиглэлийг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулга бизнес эрхлэгчдэд өгөв.
Харин бизнес эрхлэгчдийн төлөөлөл барилгын материалын худалдаа эрхлэгчид Налайх дүүрэг рүү нүүх боломжгүй гэдэг тайлбарыг хийлээ.
Бизнес эрхлэгч Л.Лхамсүрэн:
Монголын барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны бүртгэлээр Зуун айл орчимд барилгын материалын худалдаа эрхэлдэг том, жижиг 145 дэлгүүр байна. Эдгээрийг ажиллуулж байгаа худалдаачид 40, 50 км-ын алсад нүүх боломжгүй гэдгээ хэлж байна. Хамгийн дээд тал нь 90 сая, хамгийн бага нь есөн сая төгрөгийн зээлтэй. Тэр бүү хэл 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, барилга барьсан аж ахуй нэгж хүртэл бий. Нийт 27 зөвшөөрөл авч, барилга барьсан байдаг. Ийм аж ахуйн нэгжийн барилгыг нураах уу, нүүлгэхийн тулд.
Харах өнцгөө өөрчилж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангах талд ажиллахгүй бол 18 мянга гаруй иргэний амьжиргаатай холбоотой асуудал яригдана. Өнөөдөр зөвхөн Зуун айл орчимд ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг 4500 орчим хүн байна. Тэдний ард дунджаар дөрвөн хүн бий.
Бизнес эрхлэгч Д.Цэрэндулам:
Бизнес эрхлэгч бид Зуун айлд давхин төлөвлөлт хийх гэж байгааг анхнаас нь дэмжиж ирсэн. Стандарт шаардлагаа тавьж, барилгын материал худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьж буйг хүлээж авна.
Анх бол Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжийг нүүлгэнэ гэж ойлгосон. Гэтэл телевизээр барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж мэдээлж байна. Буруу ойлголттой байна уу, эсвэл үнэхээр худалдаа эрхлэгчдийг ч нүүлгэх гээд байна уу. Буруу мэдээлэл нь худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Эмх цэгцтэй болгох шаардлагыг худалдаа эрхлэгчид дэмжээд, биелүүлээд явж байгаа.
НИТХ-ын тэргүүлэгч, ажлын хэсгийн дарга Ч.Гантулга:
Ойрын хугацаанд Зуун айлд барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнийг Налайх руу нүүлгэхгүй. Эхний ээлжинд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг Налайхын аж үйлдвэрлэлийн парк руу шилжүүлэх тухай л хөндсөн. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй. Ирээдүйд Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулагдах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаа, хаанаа хэрэгтэй гэж үзэн, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Дахин төлөвлөлтийн ажил шүүхэд очоод гацжээ
НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Зуун айл орчмыг барилгажуулах ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн ч зарим ажил хангалтгүй байна.
Тухайлбал, “Заг” компани Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт барилга, авто зам барихаар болж, 4-5 тендерт шалгарсан ч ажлаа эхлүүлээгүй аж. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул тендерийг цуцалсан ч хүлээн зөвшөөрөлгүй, маргаан үүсгэж, шүүх дээр зарим асуудал очсон аж. Тухайлбал, З блок дээр нийслэлээс хөрөнгө гарган, 3.2 тэрбум төгрөгөөр дэд бүтэц татсан ч “Заг” компани барилгажуулалт хийгээгүй байна.
Бизнес эрхлэгчдээс өгч байгаа тайлбараар бол “Заг” компанийн хөрөнгө оруулалт татах ажил нь бүтэлгүйтжээ. Харин Нийслэлийн Гэр хороолол, дэд бүтэц хөгжлийн төвөөс өгсөн мэдээллээр тус компани хөрөнгө оруулалтаа босгож чадаагүй, иргэдтэй тохиролцож чадаагүй байна. Зарим ажил ийн бүтэлгүй байгаа ч зарим ажил урагштай байна. Тухайлбал, “Бэрэн” групп 32-ын тойргийн баруун талын гэр хорооллын газрыг чөлөөлж, 2017 онд 60 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Энэ онд мөн 60 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. 32-ын тойргийн шинэ замын зүүн талын уулзварт мөн барилгажуулалт хийсэн. Нийт 2160 айлын орон сууц ашиглалтад оруулахаас одоогоор 720 айлын орон сууц, бага сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Мөн 1.2 км авто замыг ашиглалтад оруулжээ.
Барилгын материалын худалдаа эрхлэгчид Зуун айл дахь ажлаа стандартын дагуу явуулахын тулд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа. Барилгын зураг төслөө ч гаргасан аж. Гагцхүү тендерт шалгарсан компани нь хөрөнгө оруулалтаа босгож чадаагүйгээс барилгаа бариулах ажил удааширсан гэсэн тайлбарыг тэд хийлээ.
Онцлоход, Налайх дахь Барилгын материалын үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр шинээр нэмэгдэж, төв ложистик бий болох давуу талтай гэж үзэж байна. Тухайн паркийн замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 1.8 тэрбум төгрөгийг шийдэж өгчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ