Эмнэлгийн барилгыг царцаасан компаниудын гэрээг цуцална

Хуучирсан мэдээ: 2015.01.29-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн барилгыг царцаасан компаниудын гэрээг цуцална

-90 гаруй хувийн санхүүжилт авчихаад 50-60 хувийн гүйцэтгэлтэй “Нийслэл өргөө”, “Арвис интернэйшнл” компаниудыг онцгойлон нэрлэв-

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Сайд болон ажлын хэсгийнхэн хамгийн түрүүнд Хан-Уул дүүрэгт баригдаж байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцжээ. 2010 онд эхэлсэн төрөх эмнэлгийн барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл Өргөө” ХХК ажилласан аж. Хэдийгээр гэрээний үнийн дүнгийн 95,1 хувьтай тэнцэх санхүүжилт авсан боловч гүйцэтгэл 68 хувьтай байжээ. Гэвч 2013 оны наймдугаар сараас барилгын угсралтын ажилд нэмэгдэл санхүүжилт шаардлагатай гэсэн шалтгаанаар барилгын ажил зогсоод байгаа аж.

Төрөх эмнэлгийн барилгын урд талд Геронтологийн үндэсний төвийн 60 ортой барилга баригдахаар 2011 онд шаваа тавьсан ч өнөөг хүртэл ашиглалтад орж амжаагүй юм. Мөн л санхүүжилтийн дийлэнх хувь буюу 91 хувийг авсан ч барилгын ажлын 48 хувийг бариад зогссон аж. Тус барилгын гүйцэтгэгчээр “Арвис интернэйшнл” ХХК ажилласан бөгөөд тэд барилгын гүйцэтгэл зогссон шалтгаанаа дэд бүтцийг шийдэж өгөөгүйгээс ажил зогссон хэмээн тайлбарлаж байна.

Ажлын хэсгийнхний дараагийн очсон газар бол Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа 1000 суудалтай Спорт цогцолбор юм. Энэхүү барилгын гүйцэтгэгчээр мөн л “Нийслэл Өргөө” ХХК ажиллахаар гэрээ хийжээ. Уг нь 2015 оны намар барилгаа дуусгаж, хүлээлгэн өгөхөөр гэрээ хийсэн ч өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 15 хувьтай л байлаа.

Баригдаж амжилгүй царцаад байгаа эдгээр барилгатай танилцсаны дараа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Бид газар дээр нь ирж бодит байдлыг нүдээр харлаа. Нөхцөл байдал ямар байгаа талаар маш тодорхой мэдээлэлтэй байгаа. Цаашид бүх гүйцэтгэгчтэй хийсэн гэрээг цуцлах ёстой. Тэгээд эдгээр гүйцэтгэгч дээр Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин дараагийн ээлжинд эдгээр барилгыг цааш нь үргэлжлүүлж, гүйцэтгэх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Тухайлбал Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын барилгыг 2015 онд дуусгахаар гэрээ хийж 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчихаад хийсэн ажил нь 500-800 сая төгрөгөөс хэтрээгүй гэсэн Аудитын дүгнэлт гарсан байгаа.

Нөгөө нэг анхаарал татсан асуудал бол гүйцэтгэгч компаниудтай гэрээ цуцлах сургаар гүйцэтгэгчид улсын өмч хөрөнгийг үрэгдүүлж, шамшигдуулах явдал гарч байгаа. Тийм учраас эдгээр объектууд дээр харуул хамгаалалтыг чангатгах ёстой. Дахин давтаж хэлэхэд гэрээг цуцлах шаардлагатай хууль хяналтын байгууллагуудын асуудлыг цааш нь эрчимжүүлж тавих ёстой. Бид гүйцэтгэлийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, ард иргэдэд мэдээлэх болно” хэмээн хэлснийг Эрүүл мэнд спортын яамны Хэвлэлийн албанаас манайд мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж