Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, авьяаслаг алба хаагчдаа шалгаруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Урлагийн наадам” өнөөдөр Үндэсний аврах бригадад эхэллээ.
Урлагийн наадамд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв, хүнсний нөөцийн салбарууд, “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хороо, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, НОБГ гэсэн таван багийн 300 гаруй алба хаагч оролцож байна.
Алба хаагчид дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.
Түүнчлэн төв, орон нутгийн Онцгой байдлын газрын урлагийн наадам баруун, зүүн, хойд, өмнөд бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Энэхүү урлагийн наадам нь 2019 онд тохиох Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.