“Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг өнөөдөр шүүж, эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг таван цагийн турш хянан хэлэлцээд, Ц.Алдармаад 3.5 жилийн ял оноож, энэхүү ялыг хоёр жилээр тэнссэн байна.
Өөрөөр хэлбэл Ц.Алдармааг цаашид үргэлжүүлэн хорихгүй бөгөөд хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын хяналтад байж, гэмт хэрэг үйлдэхгүй байх сануулга өгөв. /Гэмт хэрэгт холбогдвол шүүхээс тогтоосон 3.5 жилийн ялыг биечлэн эдлүүлнэ гэсэн үг/.
Харин Шүүх хурлаас Г.Оюунтуулд оноосон ялыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд болсон анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шүүхийн шийдвэрийг Ц.Алдармаагийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байсан. Энэ сарын 9-нд болсон шүүх хурлын үеэр прокуророос дахин шинжээчдийн баг томилон, нягтуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал ийнхүү өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.
Шинээр томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр Ц.Алдармаа нь Г.Оюунтуулын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзсэн учраас түүнд оноосон ялыг ийнхүү хөнгөрүүлэхэд нөлөөлсөн байна.
Д.ЖАРГАЛ